Ангилалгүй Хүн амын 60 хувь нь хамрагддаг халамжийн бодлого хавтгайрсан...

Хүн амын 60 хувь нь хамрагддаг халамжийн бодлого хавтгайрсан уу?

Монгол Улсын 2,313,210 иргэн халамжийн үйлчилгээнд хамрагдсан гэсэн есдүгээр сарын статистик байна.  

Иргэдэд олгосон энэхүү халамжид 1.12 их наяд төгрөгийг Нийгмийн халамжийн сангаас зарцуулжээ.

Манай улсад 72 үйлчилгээний төрөл бүхий 12 бүлэг халамжид жилд 1.7 их наяд төгрөг зарцуулж байгаа юм. 

Дэлхийн бүх улс орон нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлдэг. Гэхдээ энэ бодлогоос үүдэн гарах үр нөлөө нь харилцан адилгүй байдаг.

Сүүлийн үед халамж хавтгайрч, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэсэн шүүмжлэл ихээр яригдах боллоо.

Халамж үнэхээр хавтгайрсан уу, үгүй юу гэдэг талаар  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон УИХ-дахь АН-ын бүлгийн ажлын хэсгийн байр суурийг авсан юм.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Юун түрүүнд халамжийг хүн амыг өсгөх бодлого уу гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй. Тухайлбал, хүн амын 60 хувь нь авдаг халамж дотор хүүхдийн мөнгө, “Цалинтай ээж”, “Насны хишиг”, ихэр хүүхдийн тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж зэрэг багтдаг. 

  • Халамжийн тэтгэвэр 62 мянга
  • нөхцөлт мөнгөн тэтгэмж 65 мянга
  • онцгой тохиолдолд амьжиргааг дэмжих тусламж 53 мянга
  • ахмад настанд үзүүлэх тусламж 299 мянга
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж 63 мянга
  • жирэмсэн болон хөхүүл, нярай хүүхэдтэй эхийн тэтгэмж 81.6 мянга
  • Эхийн алдар одонгийн тусламж 22.3 мянган хүн
  • алдар цолтой ахмадууд 4,000
  • хүнс хоол тэжээлийн дэмжлэг 265 мянган хүн тус тус авч байна.

Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.2 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэлээ.  Халамжийн бодлого хавтгайрсан гэдгээсээ илүүтэй очих ёстой хүндээ очиж чадаж байгаа эсэхэд хяналтаа сайжруулах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа А.Ариунзаяа сайд хэлсэн. “Хүний оролцоо хамаарлыг аль болох бууруулж, технологи ашиглан мэдээллүүдийг цахим болгох замаар хяналтыг сайжруулах боломжтой” гэсэн юм. 

 ХҮН АМЫН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХЭД ТӨСВИЙН 60 ОРЧИМ ХУВИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА

“Манай улсад нийт 12 нэр төрлийн тэтгэвэр тэтгэмжийн багц үйлчилгээг үзүүлж байна. Үүнийг зорилтот бүлэг болон төрлөөр нь задлаад үзвэл нийт 72 нэр төрлийн халамжийн үйлчилгээ байгаа юм.

Нийгмийн халамжийг ядуу, эмзэг хэсэгт чиглэсэн, хүн амын өсөлтийг дэмжсэн буюу хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэн тусад нь хууль эрх зүйн зохицуулалтыг хийхээр ажиллаж байна. 72 нэр төрлийн үйлчилгээний зарцуулж байгаа төсвөөс харвал хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөр арга хэмжээнд нийт төсвийн 60 орчим хувийг зарцуулж байна.

Нөгөө талаас аливаа халамжийг авч байгаа хүмүүсийн зан үйлд эерэг болон сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Зарим хүн улсаас үзүүлж байгаа халамж үйлчилгээгээр эмзэг хэцүү үеэ даван туулдаг. Харин заримд нь бэлэнчлэх сэтгэлгээг үүсгэж, удаан хугацаагаар халамж авахыг хүсдэг.

Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт тусламж, хүүхдийн мөнгө, хүнсний эрхийн бичгийн хөтөлбөр зэрэг халамжийн төрлүүд бий. 72 нэр төрлийн халамжид 2020 оны хувьд нэг их наяд 650 орчим тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа боловч цар тахалтай холбоотой нийгмийн халамжийн зарим үйлчилгээг нэмэгдүүлснээр төсөв энэ жилийн хувьд нэмэгдсэн. Өмнөх оноос энэ оны төсөв 30 орчим тэрбумаар өссөн” хэмээн ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Халамжийн хэлтсийн дарга М.Цогтбаатар тайлбарлалаа. 

ХАЛАМЖ ЗОРИЛТОТ БҮЛГЭЭРЭЭ ЗАДАРДАГ УЧРААС ОЛОН ТОО МЭТ ХАРАГДДАГ

Тэрбээр халамж хавтгайрсан мэт харагдаж байгаа. Учир нь “72 нэр төрлийн үйлчилгээ гэхээр хүмүүс олон гэж хараад байгаа юм. Эдгээр үйлчилгээнүүд дотроо зорилтот бүлгээрээ задраад явдаг. Жишээ нь тэтгэвэр дээр ярья. Тэтгэврийн хувьд таван төрөлд хуваагдана. 60 ба түүнээс дээш настай эрэгтэй эмэгтэй, 50 ба түүнээс дээш настай эрэгтэй, эмэгтэй буюу Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй хүмүүс Нийгмийн халамжийн сангаас үйлчилгээ авдаг. Энэ бүлэгт 5,300 орчим өндөр настан хамрагддаг. 16 насанд хүрсэн одой иргэдийн бүлэгт 116 хүн бий. Хөдөлмөрийн чадвараа 50 буюу түүнээс дээш хувиар алдсан иргэд 42 мянга. Тэжээгч нь нас барсан гэр бүлийн 18 нас хүртэлх насны 16.4 мянган хүүхэд байна. 18 хүртэлх дөрөв ба түүнээс дээш насны хүүхэдтэй 45 хүртэлх насны өрх толгойлсон эмэгтэй, 50 насанд хүрсэн эцэг 19 хүн бий.

Халамжийн бас нэг төрөл бол хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ. 0-1,000 хүртэл жагсааж байгаад хүнсний эрхийн бичгүүдэд хамрагдах өрхүүдийн босго оноог гаргадаг. Хөдөө орон нутагт 292.5 Улаанбаатар хотод 310-аас дооших оноотой өрхүүдэд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг үзүүлж байна.

 Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд одоогийн байдлаар 250 мянган хүн хамрагдаж байна. Цар тахалтай холбогдуулан насанд хүрсэн хүмүүст өгөх халамжийг энэ оны дөрөвдүгээр сараас нэмсэн” гэлээ. 

Халамж хавтгайрч байна уу, үгүй юу гэдгийг тогтсон үзүүлэлтээр хэмжиж үздэг. Нийгмийн халамжийн төсөвт ДНБ-ий хэдэн хувийг зарцуулж байна вэ гэдгээр хэмжиж болно.

Дундаж хөгжилтэй улс орнууд 1.6 хувийг нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулж байна гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргаж байна. Харин манай улс хүүхдийн мөнгөний тэтгэмжийг оролцуулахгүйгээр тооцоход 1.9 хувийг нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулж байгаа талаар М.Цогтбаатар нэмж хэллээ. 

ХӨДӨЛМӨРЛӨХ СЭДЭЛГҮЙ БОЛТОЛ НЬ ХАЛАМЖИЙГ ХАВТГАЙРУУЛЛАА

 Гэрэл зургийг Дагвадорж Раднаасэд фэйсбүүк хуудсаас авав

Монгол Улс халамжийн бодлогоо эргэн харах цаг болсон. Цаашид халамжийн бодлогыг тэлэхгүй байх, нэр төрлийг нэгтгэн шалгуур үзүүлэлт, аргачлалыг оновчтой болгож, зорилтот бүлэгт чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, төсвийн үр нөлөөг сайжруулах шаардлагатай талаар УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын хэсгийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж ярьсан юм. 

Тэрбээр “Хэт өгөөмөр нийгмийн халамжийн тогтолцоог харин ч сүрхий нутагшуулж амжжээ. Энэ онд улсын болон орон нутгийн төсвөөс 1.7 их наяд төгрөгийн 72 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээг давхардсан тоогоор 2,655,200 хүнд өгөхөөр төлөвлөжээ.

Нийт хүн амын 200 гаруй мянга нь хилийн чанадад хөдөлмөрлөж, сурч байгаа, 200 мянга орчим төрийн албан хаагчид гэж тооцвол Монгол Улсын нэмүү өртөг бүтээдэг хөдөлмөр эрхэлж буй нэг хүнд 10-13 иргэнийг халамжлах даагдашгүй хүнд ачаа оногдож байна.

Мянгат малчин хүнс, хоол тэжээлийн дэмжлэг болгон талон авдаг, нэг сумын иргэдийн 60 хувь группт орж тэтгэмж авч буй тухай харамсалтай мэдээ чуулганы танхимд гарсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан бага насны хүүхэд, бага орлоготой өрх, иргэдээ харж халамжлах нь төрийн үүрэг юм. Харин өнөөгийн төр халамжийг хөдөлмөрлөх сэдэлгүй болтол нь хавтгайруулж, зорилтот бүлэгт нь шударгаар хүргэх үүргээ умартсаныг дээр дурдсан жишээ баталж байна” гэсэн тайлбарыг өглөө. 

Тэрбээр халамж хавтгайрсан талаар “Нэг хүнд оногдох ДНБ ойролцоогоор 4,000 ам.доллар орчимд эргэлдэж, ядуурлын түвшин 30 хувиас буурах янзгүй 10 орчим жилийг үдлээ. Уул уурхайн олборлолт жил бүр нэмэгдэж байгаа боловч ДНБ-ий хэмжээ 10-12 тэрбум ам.доллароос хол давсангүй.

Манай улсад ядуурал төдийлөн буурахгүй байгаа нь Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ төдийлэн оновчтой бус байгаатай холбоотой. Дэлхийн ямар ч улс бэлэн  мөнгө тарааж, ядуурлыг шийдэж байгаагүй. Харин ажлын байрыг бий болгох, аж ахуй нэгжээ дэмжсэн бодлого явуулах ёстой. Харамсалтай нь манай халамжийн бодлого хэрээсээ хэтэрлээ. Зөвхөн өнөө маргаашийн сонгуулийн амжилтад зориулж халамжийг хавтгайруулах нь алсдаа улс орны эдийн засагт туйлын хортой” гэлээ.

COVID-19 цар тахлын улмаас зарим төрлийн халамж нэмэгджээ. Улсын төсвөөс 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хүнс тэжээлийн дэмжлэгийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоход 8.8 тэрбум төгрөг, эхний хагас жилийн байдлаар нийт 27.5 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Ямааны 1 кг ноолуур тутамд 20,000 төгрөгөөр тооцож, нийт 203,441 малчин, мал бүхий иргэдэд 175 тэрбум төгрөгийн урамшууллыг төрийн сангаар дамжуулан олгожээ. 

Иргэдийн 60 гаруй хувь нь авдаг халамжийг хүн амын өсөлтийг дэмжих бодлого хэмээн ХНХЯ-наас тайлбарласан. Харин сөрөг хүчин болох УИХ дахь АН-ын бүлгийн ажлын хэсгээс бэлэн мөнгө тарааж ядуурлыг шийдэх нь буруу хэмээн үзэж байна. 

Халамжийн бодлого нийгмийн тодорхой бүлэгт шаардлагатай хэдий ч зохих хэмжээг баримталж хэрэгжүүлэх нь чухал байна. 

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна