Засгийн газрын хуралдаан болж байна.
Өнөөдрийн хурлаас хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8,000 хүүхэд тутамд нэг байцаагч байхаар цагдаагийн орон тоог 103-аар нэмэгдүүлж, төсвийг шийдвэрлэсэн тухай ЗГХМОНХХ-ээс мэдээллээ.
Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Хүүхэд хамгаалалд бид бүх хүчээрээ ажиллах ёстой. Олон улсын жишгийн дагуу 8,000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийдлээ.
Төр, иргэн, аж ахуйн нэгж бүгд сонор сэрэмжтэй, санаачилгатай ажиллах асуудал болчихоод байна” гэжээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд 5,043 хүүхэд гэмт халдлагад өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон байна.
Зөвхөн 2020 он гарсаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсон бөгөөд тэднээс 82 хүүхэд нас барж, 290 нь гэмтжээ. Энэ хугацаанд улсын хэмжээнд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болов.
Яг энэ байдлаараа буюу бид ямар ч арга хэмжээ авахгүй явбал 2025 гэхэд зөвхөн бэлгийн хүчирхийллийн хохирогч болох хүүхдийн тоо жилдээ 500 хүрэхээр байгаа судалгааг салбарынхан нь хийсэн байна.
Орон даяар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр 53 цагдаа (нийслэлд 30, орон нутагт 23) байгаагаас 10 нь жирэмсний амралттай.