Нийгэм Монголд коронавирусийн эсрэг авч байгаа дэглэмийг хэт чанга гэх...

Монголд коронавирусийн эсрэг авч байгаа дэглэмийг хэт чанга гэх бодол төрж байсан

Бид энэ удаагийн зочноор Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюкиг урилаа. Тэрээр энэ оны нэгдүгээр сараас эхлэн манай улсад Япон Улсын Элчин сайдаар ажиллаж байна. Бид хоёр улсын харилцаанаас гадна COVID-19-ийн эсрэг авч буй арга хэмжээ, Токиогийн олимп хойшлогдсон зэрэг цаг үеийн үйл явдлын талаар ярилцлаа.

– Та Монголд гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Анх удаа Монголд ирж байсан сэтгэгдлээсээ хуваалцвал?   
– Би Монголд анх 1985 онд ирж 1989 он хүртэл амьдарсан. Эхний нэг жил МУИС-д Монгол хэлний ангид суралцаад түүний дараах гурван жилийн хугацаанд Монгол дахь Японы Элчин сайдын яаманд ажилласан. Монгол Улс 80-аад оны үед социалист орон байсан ба тухайн үед Монгол Японы харилцаа төдийлөн сайн байгаагүй. Сонин сэтгүүл дээр япон улсыг империалист, капиталист гэх мэт сөрөг агуулгатай зүйлсийг заримдаа бичдэг байв. Тухайн үед би хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх нь багагүй бэрхшээлтэй юм байна даа гэж бодож байлаа. Харин гудамжаар алхаж явахад миний найз нөхөд, танилуудтай төстэй царайтай хүмүүс байх нь надад их дотно санагддаг байсан шүү. Анх монголд ирэхэд гадаад улсад ирсэн мэт сэтгэгдэл төрөөгүй. 

– Монголд суугаа элчин сайд нарын дунд монгол хэлээр чөлөөтэй ярьдаг нь та гэхэд хилсдэхгүй байх. Монгол хэлийг сурах хэцүү байв уу? 
– Би чөлөөтэй ярьдаггүй шүү дээ. (инээв) Тухайн үед Японд Токиогийн гадаад хэлний их сургууль болон Осакагийн гадаад хэлний их сургуульд л монгол хэл заадаг байсан. Гэхдээ би монгол хэлийг эдгээр сургуулийн алинд ч эзэмшээгүй. Японы Гадаад хэргийн яаманд ажилд орсныхоо дараа надад монгол хэл сурахыг даалган, эхний жилээ АНУ-ын Индианагийн их сургуульд суралцаад дараагийн жил нь Монгол Улсын Их сургуульд монгол хэл суралцсан. Монгол хэл нь Япон хэлний дүрэмтэй адилхан учраас сурахад тийм ч хэцүү биш. Харин кирилл үсгийг уншиж сурахад нэлээд хэцүү байсан. Мөн Япон хэлэнд таван эгшиг байдаг бол Монгол хэлд долоон эгшиг байдаг. Тиймээс одоо ч япон хэлэнд байдаггүй хоёр эгшгийг дуудах хэцүү байдаг. (инээв)

– Хоёр улсын харилцааны хамгийн чухал үндсийг та юу гэж бодож байна вэ?
– Сайхан асуулт байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн хугацаа буюу 90-ээд оноос хойш манай хоёр орны харилцаа эрчимтэй хөгжсөн гэж хэлж болно. Монгол, Япон хоёр улс нэг ижил үнэт зүйлийг эрхэмлэдэг болсноос хойш бидний харилцаа улам гүнзгийрсэн гэж боддог. Мөн монгол, япон хүмүүс зүс царайны хувьд төстэй ба бид нэг өвөг дээдэстэй ч байж болохоор юм. Үүнийг үгүйсгэх хүн байхгүй болов уу. Манай хоёр орны харилцаа Хубилай хааны үеэс эхтэй бөгөөд түүхэнд хоёр улсын хооронд тулаан тэмцэл байсан ч тэр цагаас хойш ирээдүйг харан урагшилсаар ирсэн хоёр орон маань өдгөө ч нэгэн зүгт харан хөгжсөөр байгаа гэж бодож байна. 

 “ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХЭД ГАДААДЫН АЖ АХУЙ НЭГЖИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО ИХ ЧУХАЛ”

– Та Элчин сайдынхаа хувьд Монгол улс КОВИД-19-ийн эсрэг хэр ажиллаж байна гэж харж байна вэ? 
– Монгол Улсын хувьд коронавирусийн эсрэг нэлээн чанга арга хэмжээ авч ажиллаж байна. Ер нь дэлхийн бусад улс гадаадаас орж ирсэн хүнийг хоёр 7 хоног тусгаарлаж байгаа юм. Харин Монголд тусгаарлах байранд 21 хоног байлгасны дараа гэртээ дахин 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлагыг тавьж байна.

Монгол Улс коронавирусийн эсрэг авч байгаа энэхүү дэглэмийг хараад хэтэрхий чанга юм уу даа гэх бодол анх төрж байлаа. Монгол Улсын Засгийн газар болон холбогдох албаны хүмүүстэй уулзахдаа энэ талаар ярилцахад Монголын эрүүл мэндийн үйлчилгээний түвшин харьцангуй доогуур учраас хэрэв вирусийг дотооддоо алдчихвал арга хэмжээ авахад бүр хэцүү болно. Тиймээс ийм хатуу дэглэм барьж байгааг хэлж байсан. Үүний үр дүнд ард иргэдээ уг өвчнөөс амжилттай хамгаалж чадаж байна. Улс дотроо коронавирус тархаагүй байгаа нь тун сайшаалтай юм. 

Гэвч ийм хатуу дэглэмийг цаашид удаан үргэлжлүүлбэл нөгөө талдаа эдийн засаг сулрах эрсдэлтэй нь нууц биш. Монгол Улсын шинэ Засгийн газар байгуулагдлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дахин ажиллахаар боллоо. Мэдээж коронавирусийн эсрэг авах арга хэмжээ маш чухал ч нөгөө талдаа эдийн засгийг сайжруулж, эрчимжүүлэх нь Монгол Улсын цаашдын хөгжилд бас нэгэн чухал нөлөөтэй зүйл гэж би бодож байна. 

– Япон Улсын коронавирусийн эсрэг авч байгаа арга хэмжээний талаар ярьвал?
– Япон Улсын хувьд одоогоор Монголынх шиг хатуу арга хэмжээ аваагүй байна. Онц байдал зарлан түүнийгээ цуцлаад одоо хэвийн байдалдаа орохыг хичээж байна. Гэсэн ч сүүлийн өдрүүдэд коронавирусийн 50-100 тохиолдол шинээр бүртгэгдсээр байгаа юм. Япончууд коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авч байгаа ба цаашид уг өвчнийг бүрэн дарна хэмээн найдаж байна. Токиод коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор эдийн засгийн хувьд ч буурах хандлагатай байгаа учраас энэ бүгдийг хэвийн болгохоор ажиллаж байна.
 
– Токио-2020 наадам хойшилсон ч 2021 онд зохион байгуулагдах эсэх нь ч эргэлзээтэй байна. Олимп цуцалснаас үүдэн ямар сөрөг үр дагавар бий болж байна вэ?
– Энэ жил зохион байгуулагдах ёстой байсан “Токио-2020” олимп нэг жилээр хойшилж 2021 онд болохоор болсон. Япончууд олимпыг ирэх онд зохион байгуулахыг бүгд л хүсэж, хичээж байна. Ирэх жил гэхэд дэлхий нийтээрээ коронавирусийг дарчихаад түүнийгээ тэмдэглэхийн сацуу олимпоо төлөвлөсөн ёсоор 2021 оны долдугаар сард зохион байгуулаасай гэж хүсэж байна. Мөн олимпыг зохион байгуулахаар Япон Улсын Засгийн газар бүхий л чадлаараа хичээж байгаа юм. Нөгөөтэйгүүр “Токио-2020” зуны олимп азийн улсад зохион байгуулагдсанаар Монголд ирэх жуулчдын тоо ч төдий хэмжээгээр нэмэгдэж, эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх болов уу. 

– Япон улс тусгай ур чадвартай ажилтанг гаднаас авах болсон. Ямар шалгуур тавигдаж байгаа болон монголчуудыг үүнд хамруулж байна уу?
– Японд төрөлт багасаж, ахмад настнуудын тоо нэмэгдсээр байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс хөдөлмөрийн насны хүн ам цөөрч, ажиллах хүчин хомсдсон нь гадаадаас ажиллах хүчин авах нийгмийн шаардлагыг бий болгосон. Монголоос асрагч гэх мэт тусгай ур чадвартай олон төрлийн мэргэжлээр ажиллах хүчин авах бололцоотой байна. Шалгуурын тухайд япон хэл болон тусгай ур чадварын мэргэжлийн шалгалт өгөх шаардлагатай. Японы хөдөлмөрийн зах зээл дээр монголчуудад олон давуу тал байдаг. Нэгдүгээрт, гадаад хэлийг их амархан, богино хугацаанд сурдаг. Өмнө нь дурдсанчлан монгол, япон хэлний дүрэм адилхан байдаг нь давуу талтай. Хоёрдугаарт, монголчууд япон хүмүүстэй харилцах харилцааны чадвар сайн. Тиймээс цаашид Японд ажиллах тусгай ур чадвартай боловсон хүчний тоо нэмэгдээсэй гэж хүсэж байна. 

“МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ХАЛУУН ДОТНО УУР АМЬСГАЛ ЯПОНД ӨНГӨРҮҮЛСЭН ХҮҮХЭД НАСЫГ МИНЬ САНАГДУУЛДАГ”

– Монголчууд япончуудаас суралцмаар зан? Нөгөөтэйгүүр монголчуудын авууштай зан чанарыг юу гэж боддог вэ?
– Их хэцүү асуулт байна. (инээв) Би энэ талаар элчин сайдын хувиар биш харин хувь хүний бодлоо хуваалцмаар байна. Улс үндэстэн бүр өөр өөрийн сайн, муу талтай байдаг. Үүний адилаар Япон, Монголд аль алинд нь давуу болон сөрөг тал бий. Сайн дотроо ч сайн, муу хоёр тал байх тохиолдол гардаг. Япончуудаас суралцан сайн талыг нь хуулбарласан ч Монголын нийгэмд хэр зохицох вэ гэдэг нь бас эргэлзээтэй. Тиймээс монголчууд япончуудын хэрхэн ажиллаж, яаж амьдарч байна гэдгийг ажиглан дүгнэлт хийн шаардлагатай гэсэн зүйлсийг авч өөрийн болгох нь зүйтэй юм болов уу. 

Би Монголчуудын хоёр зан чанарыг ихэд сайшаан үздэг. Нэгдүгээрт, монголчууд маш тэвчээртэй ард түмэн. Ялангуяа хөдөөний хүмүүс бие бялдар сайтай, хүчтэй байдаг. Хоёрдугаарт, гэр бүл, төрөл садангийн харилцаа дотно буюу бүлсэг ард түмэн. Монголчуудын гэр бүлийн халуун дотно уур амьсгал надад Японд өнгөрүүлсэн хүүхэд насыг минь санагдуулдаг. Ажиглаад байхад япончуудын гэр бүл хоорондын харилцаа холдсон юм шиг санагддаг. Харин монголчууд хоорондоо их ойр дотно, их сайхан харилцаатай байдагт нь цагаан атаархал төрж сэтгэл их хөдөлдөг. 

– 2022 онд Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна вэ?
– Манай хоёр орны дипломат харицлаа тогтоосны тэмдэглэлт ойн жилүүдийг бид их өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. 50 гэдэг бол маш даацтай тоо. Тиймээс 2022 онд болох 50 жилийн ойн баяраа маш өргөн дэлгэр тэмдэглэхээр одооноос төлөвлөж байна. Өмнө нь хоёр улсын соёл, урлагийг харилцан сурталчилах үйл явдал олон болдог байсан. Харин энэ удаад соёлыг сурталчилахаас гадна тэмдэглэлт баярын үйл ажиллагааг маш өргөн хүрээнд зохион байгуулна гэж бодож байна. Товчхондоо олон хүнд хүрсэн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулмаар байна.

Япон Улс Монголд 1990 оноос хойш тусламж, дэмжлэгээ эрчимжүүлсээр ирсэн. Энэ үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд үзүүлсэн тусламжийн үр шимийг 35-аас дээш насны монголчууд сайн мэдэх болов уу. Харин залуу үеийнхэн төдийлөн сайн мэддэггүй юм шиг санагддаг. Тиймээс тэдэнд манай хоёр улсын харилцааг илүү сайн ойлгуулж, түүний үнэ цэн, утга учрын талаар таниулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж чадвал сайн байна. 

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна