Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газарджээ.
Тус нислэгт багтсан эмэгтэй агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай бид өчигдөр мэдээлж байсан. Тэгвэл эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа ба эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдахгүй үзүүлж чаджээ. Онгоцонд мэндэлсэн хоёр ихэр охиныг хүлээж авахаар Мэргэжлийн хяналтын байцаагчид өлгийг нь бэлтгэн нисэх буудалд угтан авсан байна.
Мөн эх, хүүхдүүдийн биеийн байдалд хяналт тавьж, тусламж үзүүлэхээр нярайн эмч нэмэлтээр ажиллажээ. Нислэг газардсаны дараа хамгийн түрүүнд онгоцонд амаржсан эхийг хүүхдүүдийн хамт буулган эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна.
Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн юм. Үүнд:
- Эрүүл мэндийн шалтгаантай – 61,
- өндөр настан – 22,
- бага насны хүүхэдтэй гэр бүл – 51,
- жирэмсэн – 9,
- хөгжлийн бэрхшээлтэй – 9,
- бусад хүндэтгэн үзэх шалтгаантай (байрлах газаргүй, санхүүгийн хүндрэлтэй) – 109 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэлбэ ресорд”, “Альфа”, “Дрийм1,2”, “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.