УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын шүүх хурал өнөөдөр болно

0
265

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан зургадугаар сарын 16-ны 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг шүүхээс гаргаж, түүнийг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.  Тэгвэл Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно. 

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт зарласан. Гэвч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй буюу шүүхийн дансанд 10 тэрбум төгрөг байршуулаагүй юм.

Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, түүнчлэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс буюу хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслах ажиллагааг зохих ёсоор хүндэтгээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзсэн. Улмаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг.