Сүүлийн хэдэн сарын турш “төрийн дэмжлэгтэй” хэн нэгэн этгээд Австрали улсын бүх шатны төрийн байгууллагууд, чухал дэд бүтцүүд рүү нэвтрэх оролдлого хийж байгааг тус улсын ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр мэдэгджээ.
“Халдлагын цар хүрээ, зорилго зэргээс үндэслээд үүнийг аль нэг улсын төрийн дэмжлэгтэй үйл ажиллагаа гэдэгт бид итгэлтэй байна” гэж Моррисон өнөөдөр нийслэл Канберрад болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн ч аль нэг улсын нэрийг зарлаагүй байна.
Энэ мэдэгдлийн дараа нэрээ нууцалсан Австралийн засгийн газрын гурван эх сурвалж үүний цаана Хятад улс байх өндөр магадлалтайг Ройтерс ангентлагт мэдээлжээ.
Олон сарын өмнөөс Австрали улс гадаад орнуудаас хүчтэй кибер халдлага илрэх болсныг мэдээлж байсан ч аль нэг улсыг онцолж сэжиглээгүй юм. Хятадын засгийн газар ч ийм халдлагад хамаагүй гэдгээ илэрхийлж байжээ.
Скотт Моррисон халдлагын талаар Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонтой өчигдөр утсаар ярихдаа мэдээлсэн байна. Мөн бусад холбоотон улс орнуудын удирдагчдад ч мэдээлэл өгсөн гэнэ.
Австралийн батлан хамгаалахын сайд Линда Рэйнольдс халдлагын улмаас иргэдийн хувийн мэдээлэл алдагдаагүйг баталсан ч нууц үгээ солих, программын хувилбараа шинэчлэх, давхар баталгаагаар нэвтэрдэг болох зэрэг арга хэмжээ авахыг иргэдэд зөвлөжээ.
Ерөнхий сайд Моррисон халдлагын талаар албан ёсоор мэдээлсэн нь эзэн орныг удахгүй зарлахын дохио гэж зарим эх сурвалжууд тайлбарлаж байна.
Коронавирусийн цар тахалтай холбоотой маргааны улмаас Австрали, Хятад улсуудын харилцаа сүүлийн үед муудаад байгаа. Хятадын засгийн газар Австралийн хэд хэдэн бүтээгдэхүүнд импортын хориг болон өндөр татвар оноогоод байна.
Мөн өөрийн оюутан залууст Австралийн их сургуулиудад суралцахгүй байхыг зөвлөсөн юм. Хятад улс нь Австралийн гадаад худалдааны хамгийн том түнш бөгөөд өнгөрсөн онд хоёр улсын худалдааны хэмжээ $162 тэрбумд хүрсэн байна.
Эх сурвалж: Reuters