ШҮҮХ: Э.Оюунболдын цолыг хурааж, эрхийг нь хоёр жилээр хасаж, унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй гэж үзлээ

0
422

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд холбогдох шүүх хурлын шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шүүхээс Э.Оюунболдын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тодруулбал, нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь Бүгд найрамдэх Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Иймд хариуцагч Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т тус тус заасантай нийцсэн маргаан бүхий актын холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчөөгүй гэж шүүх үзсэн болно.

Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.
ЖИЧ: Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн. Хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдаан товлох урьдчилсан хэлэлцүүлэг 3 удаа, шүүх хуралдаан 2 удаа хойшилсон” хэмээсэн юм.