нгөрөгч оны арванхоёрдугаар сард “Авилгатай тэмцэх газар”-аас “Алтан дорнод” ХХК-ийн дэд захирал Ч.Бямбаа, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргэсэн. Гэвч прокурорын байгууллагаас уг хэргийг хянаж үзээд, нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэн, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг хүлээн авахаас татгалзсан юм. Жил тойрсон эл асуудал шийдэгдэхгүй дуншсаар өдийг хүрсэнд гайхах хүмүүс цөөнгүй. Сонгуулийн шуугианд дарагдаж, мартагнуулж байгаад хэргийг хаах нь хэмээх хардлага иргэдийн дунд одоо ч байсаар буй.
Иймд бид тус асуудлаар Нийслэлийн прокурорын газартай холбогдож хэрэг ямар шатандаа явж буй талаар тодруулахад:
“Прокурорын байгууллагаас уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа. Хэргийг хааж, хэрэгсэхгүй болгоогүй” хэмээх хариултыг хэлэв.
Харин АТГ-руу холбогдоход: “Прокурор дээр хянагдаж буй хэргийн тухай нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” хэмээх хариултыг өгсөн юм.
ХЭРГИЙГ ЭРГЭН САНУУЛАХАД:
“Алтан Дорнод” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт түүний дүү Д.Баатарын “Рекат Монголиа” ХХК-ийн Голомт банкны дансаар дамжуулан дөрвөн сая ам.долларын хээл хахууль өгсөн баримтыг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ дэлгэж байсан. Тус мэдээллийн дараа Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав хэвлэлд:
“Алтан Дорнод” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд намайг гүтгэсэн. Т.Ганболдын яриад байгаа дөрвөн сая ам.долларын хоёр сая нь хоорондын төлбөр тооцоо, нөгөөх нь андуурч хийсэн хоёр сая ам.долларын бичиг. Үүнийг л бариад гүйгээд байгаа юм. Тэгэхээр тэр мөнгийг андуурч манай дүүгийн компанийн данс руу шилжүүлсэн биш бүр зориуд хийчхээд андуурсан гэсэн бичиг гаргаж, шуугиан тариад байна” хэмээх тайлбарыг хийгээд байсан.
Харин “Алтан Дорнод” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд:
“Тэр яриад байгаа андуурагдсан хоёр сая ам.доллар өнөөдөр ч эргэж орж ирээгүй байгаа. Дөрвөн сая ам.доллар бол зөвхөн ил болсон мөнгө. Тэрнээс илүү ч их мөнгө байгаа. Гэхдээ энэ хэрэг шалгагдаж байгаа учраас би илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Энэ компанитай холбоотой орсон, гарсан мөнгийг бүгдийг нь дансны хуулгаар нь харж болно.” хэмээх тайлбарыг хэвлэлд өгч байв.
Харин Д.Дорлигжавын өмгөөлөгч болох Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нар дээрх асуудалтай холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ “Т.Ганболдын хэлж буй дөрвөн сая ам.доллар нь өмнөх бизнесийн харилцааны явцад үүссэн өр төлбөрийг шилжүүлсэн асуудал байтал төрийн өндөр албан тушаал хашиж байхад нь авлига өгсөн мэтээр тайлбарлаж байгаа нь санаатайгаар хэлмэгдүүлж, гүтгэж байгаа хэрэг. Дээрх дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн гэх мөнгө нь Голомт банкаар дамжигдсан хуулга нь байгаа. Ер нь бол дансаар авлига өгдөг тэнэг хүн байхгүй. Д.Дорлигжав дээрх мөнгөнөөс ганц ч зоос аваагүй гэдгийг мэдэгдмээр байна. Ямар учраас гүтгэж байгааг шүүхийг байгууллага тогтооно биз ээ” гэж хэлж байв.
“Алтан Дорнод” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд өдгөө 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 19-р тойрог буюу Дархан-Уул аймгаас бие даан нэр дэвшиж буй.
Ямартай ч хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, тэр бүү хэл ХЭРЭГСЭХГҮЙ болох дээрээ тулаад байсан Хууль зүйн сайд асан, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарын хэргийг сэргээн шалгаж байна.