О.Тэнгис: 121 бие даагчийн мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй тул буцаасан

0
275

УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр 208 хүн Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн билээ. Энэ бол Монгол Улсын сонгуулийн түүхэнд байгаагүй өндөр тоо юм. Тодруулбал, 1992 оны сонгуульд оролцохоор бүртгүүлсэн бие даан нэр дэвшигчид 18 байсан бол 2020 онд энэ тоо бараг 10 дахин өссөн байгаа нь энэ. Энэ талаар Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгисээс тодрууллаа.

-Үндэсний аудитын газарт 208 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Шаардлага хангахгүй хэчнээн мөрийн хөтөлбөр байна вэ?

-Бие даан нэр дэвшигч 208 хүн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт ирүүлсэн. Төрийн аудитын байгууллагаас мөрийн хөтөлбөрүүдийг хянаж үзээд, 121 бие даагчийнх хуулийн шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр буцаачихсан.

-Тэдэнд мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлж засах боломж бий биз дээ?

-Энэ хүмүүс УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 38.9-д заасны дагуу тав хоногийн дотор мөрийн хөтөлбөрийн хуульд нийцэхгүй байгаа зүйлүүдээ залруулаад, дахиж ирүүлэх эрхтэй.

-Мөрийн хөтөлбөрийг нь хэзээ буцаасан бэ?

-Өнгөрсөн баасан гарагт буцаасан. Заримыг нь өчигдөр буцаасан байгаа. Хуульд нийцүүлээд ирэх юм бол дахиж хянаад, нийцсэн эсэх талаарх дүгнэлтийг гаргана.

-Бие даагчдын мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн эсэх эцсийн дүгнэлт хэзээ гарах билээ?

-Тавдугаар сарын 22-ноос өмнө бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хууль нийцүүлж, боломжтой хүмүүсийн нэрсийг гаргах ёстой. Бие даагчдаас ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг  Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Сонгуулийн тухай хуулийн 38.3-т заасан  эд хөрөнгө амлалт өгөхгүй байх  заалт,  зарцуулагдах хөрөнгийн эх үүсвэр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн байх  гэсэн 3 үндсэн  үзүүлэлтээр шалгах юм.