Чөлөөт Ч.Бямбасүрэн: Оюутан танд ямар нэгэн асуудал тулгарвал хэзээ ч...

Ч.Бямбасүрэн: Оюутан танд ямар нэгэн асуудал тулгарвал хэзээ ч битгий бууж өг, тэвч, даван туул

Австрали улсын Маккуари их сургуульд хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн чиглэлээр мастерт суралцаж, зорилго мөрөөдлөө биелүүлж яваа чадварлаг залуусын нэг Ч.Бямбасүрэнтэй гадны улсад суралцах үеийн дурсамж, түүний олж авсан туршлагуудын талаар ярилцлаа.

– Та өөрийгөө уншигчдад товч танилцуулна уу?

– Намайг Чимэд-Очирын Бямбасүрэн гэдэг. Айлын том охин. Гурван дүүтэй. Австрали улсад ирээд 5 жил болж байна. 2019 оны арванхоёрдугаар сард Ньюкаслын их сургууль (University of Newcastle)-ийг Бизнесийн бакалавраар төгссөн. Одоо Сидней хотод байрлах Маккуари их сургууль (Macquarie University)-д хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн чиглэлээр мастерт эхний жилээ суралцаж байна.

– Одоо Сидней хотын Маккуари их сургуульд Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн чиглэлээр мастерт суралцаж байгаа гэж байна. Таны суралцаж буй сургуулийн онцлог юу вэ?

– Уг сургуулийг сонгосон гол шалтгаан нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт байсан. Учир нь олон улсын оюутнуудын сургалтын төлбөрөөс 10000 ам.доллар буюу 28 сая орчим төгрөгийг хөнгөлдөг. Манай сургууль нь зэрэглэлээрээ ойролцоо бусад сургуулийг бодоход төлбөрийн хувьд боломжийн байдаг. Дэлхийн 40 гаруй улс орны 150 орчим сургуультай хамтарсан оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд кампусын бүтэц, зохион байгуулалт, орчин нь надад маш их таалагдсан. Үүгээр ч зогсохгүй тус сургууль нь Сидней хот дахь хамгийн цэгцтэй, гоё кампустай сургуулиудын нэг юм.

– Муу сурсан оюутнаас танд өгөх зургаан зөвлөгөөг тань уншсан. Энэхүү зөвлөгөөг бичих болсон гол шалтгаан юу вэ?

– Би Австрали улсад бакалавраар сурсан гэж дээр товч дурдсан. Бакалавраар сурч байсан эхний жил гурван хичээл дээр унасан. Тэр үед өөрийгөө ямар арчаагүй, тэнэг юм бэ гэж бодож байсан ч удаатай.

Сурч чадахгүй мөнгө үрж байхаар эх орон луугаа буцая ч гэсэн бодож байлаа. Гэтэл нэг өдөр ээж рүүгээ утас цохиж, Монгол руу явмаар байгаагаа хэлтэл, намайг тэвчээртэй байж, сургуулиа төгсөх хэрэгтэйг сануулсан. Тэр үед юу ч болж байсан заавал хичээж байгаад сургуулиа төгсөе гэж шийдсэн.

Дараагаар нь бакалаврын сургуулиа төгссөнийхөө дараа өөрийнхөө тухайн үед гаргасан шийдвэрээрээ маш их бахархсан. Хэрвээ би тэр үед буулт хийгээд сургуулиа орхисон бол өнөөдрийн миний амьдрал, бүхий л зүйл өөр байсан байх болов уу. Ер нь оюутан хүний амьдралд бууж өгөх зүйлс тохиолдох мөчид хэзээ ч битгий бууж өг, тэвчээртэй байж давж гарах хэрэгтэй гэдгийг энэ жилээс их сургуульд суралцаж эхэлсэн ихэр дүү нартаа зориулж бичсэн билээ. Хоёр ихрийн маань нэг нь надтай хамт энд бакалаврын зэргээр энд суралцаж байгаа бол нөгөөх нь Япон улсад эхний жилээ хэлний бэлтгэлд суралцаж байна.

“Муу сурсан оюутнаас танд өгөх зургаан зөвлөгөө”

  1. Цагийн юмыг цагт нь хий
  2. Өнгөрсөн зүйлийг ухрааж чадахгүй
  3. Өөрөө өөртөө л итгэ
  4. Оюутан шиг оюутан байгаарай
  5. Оролдлого сайт оройд нь гарна
  6. Оюутан байх хугацаандаа бие даалт, дараа хэрэглэгдэх материалуудаа эмх цэгцтэй хадгалаарай

– Таны зөвлөгөөнд Австралийн их сургуульд суралцахад сэтгэцийн эрүүл мэнд болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг их чухалчилдаг гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

– Австрали улс нь дэлхийн улс орон бүрээс оюутан хүлээж авдагаараа Америкын Нэгдсэн Улс болон Их Британи улсын дараа гуравдугаар байранд ордог.

Ихэнх олон улсын оюутнууд болон дотоодын оюутнууд дөнгөж ахлах сургуулиа төгсөөд, амьдралд хөл тавьж байгаа болохоор өмнө нь тулгарч байгаагүй мөн ч их асуудалтай тулгардаг. Үүнийгээ дагаад уур бухимдал төрөх (стрессдэх), түүнээс үүдэж сурлага муудах, улмаар сэтгэцэд өөрчлөлт орж, амиа хорлох хүртэлх зүйлс ч гарч ирдэг. Тэгвэл тус улсын ихэнх их сургууль сэтгэл зүйн зөвлөгчтэй бөгөөд сэтгэл гутралд орсон оюутан залууст өөрийнх нь онцлогт тааруулаг зөвлөгөө өгдөг.

Жишээлбэл, би гурван хичээлд унасан гол шалтгааныг эргэцүүлээд одоо бодоход сэтгэл гутралд орсонтой холбоотой байсан юм байна лээ. Тэр үед би өөрийгөө сэтгэл гутралд орсноо мэдээ ч үгүй явж байсан. Дараа нь checklist хийхэд, сэтгэл гутралын ихэнх шинж тэмдгүүд надад илэрсэн байсан.

Харин одоо өөрийнхөө амьдралын хэв маягт тааруулан аль болох уурлаж, бухимдахгүйгээр амьдрахыг хичээж байна. Мөн долоо хоногт хоёр удаа бясалгал хийж, өөрт ойрхон цэцэрлэгт хүрээлэн рүү алхдаг болсон.

– Тус улсад суралцах давуу болон сул талыг нэрлэнэ үү?

– Миний хувьд энэ улсад суралцах хамгийн том давуу тал нь хүрээлэн буй орчин болон амьдралын хэв маяг. Австрали улс нь үзэсгэлэнт байгаль, далайн эргүүд, ховор амьтдаараа алдартай. Тус улсад ажиллаж амьдарч хүмүүсийн ажлын цаг өглөөний 08:30 цагт эхэлж, өдрийн 15:30 цагт дуусдаг нь хүн бүрт гэл бүлтэйгээ хором мөч бүрийг өнгөрүүлэх боломжийг олгодгоороо бусад улстай харьцуулахад давуу талтай. Түүнчлэн хоббигоо ч хөгжүүлэхэд их цаг гардаг гэсэн үг. Мөн тус улсын боловсролын систем нь олон оронд хүлээн зөвшөөрөгддөг тул дэлхийн улс олон бүрээс оюутан залуус ирж суралцдаг бөгөөд тэдгээрээс олон орны ёс заншлыг мэдэж авах боломжтой болдог.

Тухайлбал, би гурван жилийн өмнө Вьетнам охинтой хамт зөөгчийн ажил хийдэг байсан юм. Дараа нь би Вьетнам улс руу соло аялал хийхэд тэр охинтойгоо уулзаж, хамтдаа хооллож, тухайн орны ёс заншилтай танилцсан. Тэр үед надад олон орны найз нөхөдтэй байх сайхан санагдаж билээ.

Сул тал гэвэл тус улсад амьдрах өртөг өндөр. Миний ажиллаж олсон мөнгө өдөр тутмын амьжиргааны зардал, аялалд зарцуулагддаг байсан болохоор таван жилийн хугацаанд хуримтлал үүсгэж амжаагүй. Одоохондоо залуу хүн болохоор олсон мөнгөө аль болох аялал зарцуулахыг хичээж, дурсамж бүтээхийг эрмэлзэж байна. Австралид суралцаж буй зарим оюутны хувьд сурахынхаа хажуугаар ажиллаж, сургалтын төлбөрөө төлж, хуримтлал үүсгэсэн ч тохиолдол бий. Гэхдээ ингэж амьдрахад таниас маш их хүчээл зүтгэл, хүчин чармайлт шаардах болно.

– Таны хувьд хэл сурах арга барил юу байсан бэ? Тус улсад очиж суралцах гэж буй оюутан залууст өөрийн хэл сурсан арга барилааасаа хуваалцана уу?

– Миний хувьд хэл сурахад хамгийн шалгарсан арга нь өөрийнхөө дуртай сэдвээр мэдээлэл авч, подкаст сонсох санагдсан. Би гэмт хэргийн холбогдолтой подкаст сонссоор байгаад тухайн сэдэвтэй холбоотой ихэнх үгийг англиар маш сайн мэддэг болсон. Дараагаар хэл сурах арга нь чангаар давтаж унших. Толгой дотроо үгээ давтаж уншсанаас, чангаар хэлж давтаж унших хоорондоо маш ялгаатай. Хэл сурахад таны өмнө тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол таны ичимхий зан чанар гэж хэлнэ. Тиймээс та тухайн орны хэлээр төгс ярихыг хүсвэл нэн түрүүнд ичихээ болих нь зөв юм. Миний хувьд англи хэлийг суралцсаар байгаа бөгөөд өдөр бүр мэдэхгүй үг гарч ирдэг. Иймд өөрийнхөө хэлний мэдлэгийг улам сайжруулахын тулд хувийн цахим хаягнууд дээрээ аль болох англи хэл дээр мэдээлэл авдаг болсон байна.

– Тус улсад суралцахыг хүсч, сонирхож байгаа залууст хандаж юу зөвлөхийг хүсч байна вэ?

– Юуны өмнө Австрали улсад суралцахыг хүсч буй оюутан залуустаа хандаж хэлэхэд энд хүрэлцэн ирэхээсээ өмнө өөртөө хэт өндөр хүлээлт битгий үүсгээрэй. Бид нар гадаад улс гоё, тус улсад суралцвал сайхан гэх мэдээлэл авсаар байгаад гадаадад л сурвал бүх зүйл сайхан болно гэж боддог болсон. Яг үнэндээ хүн хаана сурах, амьдрах нь хамаагүй. Өөрөө өөрийнх нь хичээл зүтгэл, сэргэлэн байдал нь их хамааралтай гэж хэлмээр байна.

Энд суралцахаар хүрэлцэн ирсний чинь дараа олон саад бэрxшээл тулгарвал бууж өгөхгүйгээр заавал их сургуулиа төгсөх хэрэгтэй. Мэдээж дөнгөж ирчээд өөрийн чинь хийхийг хүссэн шиг ажил олдохгүй бол энэ үед та бүхэн өөрөө өөрийгөө бусадтай харьцуулж голохгүйгээр тэвчээртэй байгаарай гэж захья.

– Ярилцсанд баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна