Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. Коронавирусээс урьдчилан сэргийлж, эдийн засаг хүнд байгаа цаг үед иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болж, тогтоол гаргалаа.
Нэгдүгээрт, 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл хүүхдийн мөнгийг 100.000 төгрөг болгож нэмэгдүүлж байна. Дөрөвдүгээр сард 30000 төгрөг олгосон. Үүний үлдэгдэл 70 мянган төгрөгийг ойрын өдрүүдэд нөхөж олгоно.
Хоёрдугаарт, Хүнсний талон зайлшгүй шаардлагатай, бага орлоготой өрхийн иргэдэд дэмжлэг үзүүлдэг. Сард 16000 төгрөг олгодог байсныг 32000, хүүхдэд олгодог 8000 төгрөгийг 16000 болгож байна. Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл олгох болно.
Гуравдугаарт, Нийгмийн халамжийн тэтгэвэр. Халамжийн сангаас тэтгэвэр авдаг өндөр настан 3600 хүн байна. Сард 188.000 төгрөг авдаг байсныг 100.000 төгрөгөөр нэмж, 288.000 болгож байна. Мөн тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл.
Дөрөвдүгээрт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 188.000 төгрөгийг 288.000 болгож байна. Одой иргэдийн мөнгийг мөн 100.000 төгрөгөөр нэмж, 288.000 болгож байна.
Тавдугаарт, Дөрвөөс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх олгодог 188.000 төгрөгийг 288.000 болгож байна.
Зургадугаарт, Өнчин хүүхдэд олгодог 188.000 төгрөгийг 288.000 болгож байна. Энэ бүх ажлыг тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлнэ.
Мөн малчин өрхүүдийг дэмжих зорилгоор ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг олгоно.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Энэ бүх мөнгөний эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газраас хоёр тогтоол батлагдаж байна. Ингэхдээ эх үүсвэрийг нь давхар баталдаг. Энэ жил Монгол Улсад Залуучуудын ногоон наадам, Токиогийн олимп, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны нэлээдгүй зардлууд, зарим тусгай сангуудын зардлыг хэмнэсэн. Зарим нэг өрүүдийг хойшлуулах гэрээ хэлцэл хийгдээд явсан. Тиймээс төлөгдөх өр, гадаад өр төлбөрийн үндсэн төлбөр, хүүгээс зардлуудыг гаргахаар болсон. Мөн төсвийн зарим байгууллагын хэмнэж болох зардлууд бий. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зардлын хэмнэлт, урсгал зардал, цар тахалын үед хэмнэгдэж байгаа зардлаас гаргаж байна.
Нийт 793 тэрбум төгрөг зарцуулна. Гэхдээ төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй” гэв.