“Хэрэв Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал Хятад улс Америкийг эзлэх болно” гэж Дональд Трамп саяхан ярьж байсан. Гэтэл Трамп өөрөө Хятадад их хэмжээний өртэй гэдгийг “Politico” сэтгүүл мэдээлжээ.
Нью-Йорк хотын А зэрэглэлийн Манхэттэн дүүргийн 1290 өргөн чөлөөнд орших 43 давхар Трамп цамхагаас хотыг тэр чигээр нь тольдож болно. Чухам уг барилгын 30 орчим хувийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2012 онд худалдан авч байжээ. Түүний хөрөнгөөс хамгийн үнэ цэнэтэйд тооцогдох уг барилгад хөрөнгө оруулахдаа тэр Хятадын төрийн өмчийн “Bank of China”-гаас 211 сая ам.долларын зээл авч байсан ба зээлийн эргэн төлөлт нь 2022 оноос хийгдэнэ гэж “Politico”-д бичсэн байна.
Трамп 2016 оны сонгуульд ялсны дараа түүний хөрөнгө олны анхаарлыг татах болсон ба яагаад ч юм 2012 онд Хятадын банктай хийсэн тохироо нь олны нүдэнд өртөөгүй өнгөрчихөж. Гэтэл саяхан өөрийн өрсөлдөгч Жо Байденд хандаж хэлсэн үгэндээ өөрөө ороогдож, хүмүүс Трампыг Хятад улстай хэр гүн холбоотой эсэхийг нь судалж үзтэл баримтууд гарч ирсэн аж.
Трамп болон “Bank of China”-тай холбоотой мэдээлэл цацагдсаны дараахан буюу Басан гариг /2020.04.24/-т тус банкнаас мэдэгдэл гаргаж, тус банк нь Трамп цамхаг гэх барилгатай 2012 оны арваннэгдүгээр сараас хойш ямар ч холбоогүй болсон, Трамп цамхагийн 70 хувийг эзэмшдэг “Vornado Realty Trust” компанид бүх санхүүжилтийг шилжүүлсэн гэж мэдэгдсэн байна. Гэвч 2017 онд Трамп цамхагийн санхүүжилтийн талаарх өөр нэгэн бичиг баримт дээр “Bank of China” гэх нэр өөр гурван банкны хамт байсан хэвээр байв. Тус банкнаас үүнийг “техникийн алдаа гарсан байх” гэхээс өөрөөр тайлбарлаж чадаагүй ба “Vornado Realty Trust” болон Цагаан ордон аль аль нь одоог хүртэл тайлбар хийгээгүй байгаа аж. Түүнчлэн Ерөнхийлөгчийн охин Иванка Трампын нөхөр Жаред Кушнер үл хөдлөхийн томоохон гэрээндээ Хятадаас санхүүжилт авсан, Хятадын төрийн өмчийн барилгын компани Дубай дахь Трампын эзэмшлийн гольфын клубын барилгыг барихад тусалсан гэх мэт баримтууд илэрчээ.
Эдгээр баримт, мэдээллүүд ил болсны дараа сөрөг хүчнээс сонгогдсон Мичиган мужийн захирагч Женницер Гранхолм “Жинхэнэ Дональд Трамп хятадуудтай үнэхээр дотно юм гээч” хэмээн жиргэсэн бол өмнө нь Цагаан ордны ёсзүйн хорооны гишүүн байсан, Трампыг шүүмжлэгч Уолтер Шауб “АНУ-ын Ерөнхийлөгчийн бизнес гадаадын төрийн мэдлийн банкнаас хамааралтай байна гэдэг хамгийн аюултай ашиг сонирхлын зөрчил. Тэр Хятадын коммунист Засгийн газраас санхүүгийн хувьд шууд хамааралтай байна шүү дээ” хэмээн жиргэжээ.
Ямартай ч байнга шахуу Хятадын эсрэг үзэл гаргадаг, үндсэрхэг үзэлт АНУ-ын Ерөнхийлөгчийн хамгийн том хөрөнгө болон түүний Хятад улстай ямар холбоо хамааралтай эсэх асуудал ирэх арваннэгдүгээр сард болох сонгуультай холбоотойгоор ойрын өдрүүдэд олны анхаарлын төвд байх бололтой.
Эцэг хүү Байден ба Хятад
Роберт Хантер Байден бол хуульч мэргэжилтэй, АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байдены хоёр дахь хүү юм. Тэрбээр “BHR Partners” хэмээх Америк-Хятадын зөвлөх компанийн ТУЗ-ийн гишүүн, Украины байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч “Burisma Holdings”-ийн удирдах зөвлөлийн гишүүн. Эцэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон учир ашиг сонирхлын зөрчилгүйгээ батлах үүднээс тэр “BHR Partners”-аас нэрээ татна гэж өнгөрсөн оны аравдугаар сард мэдэгдсэн. Гэтэл саяхан Хантер Байдены эзэмшлийн “Skaneateles LLC” компани өнөөх Хятадын компанид 10 хувь эзэмшиж байна гэх мэдээлэл мөн цацагдах болов.
Трамп болон түүнийг дэмжигчид Хантер Байденыг 2013 онд эцгийнхээ Хятадад хийсэн албан ёсны айлчлалыг бизнесийн түншүүдтэй уулзуулах зорилгоор ашигласан, Хятадаас их хэмжээний санхүүжилт авсан гэж буруутгадаг. Тухайн үед эцэг Байден нь АНУ-ын дэд Ерөнхийлөгч байв. Түүнчлэн 2019 оны арванхоёрдугаар сард болсон Трампад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэж байх үеэр Дональд Трамп эцэг хүү Байденыг шалгахыг Хятадын талд уриалж байсан юм.
Үүнээс гадна Трамп өөрийн хамгийн том өрсөлдөгчөө Украин улстай холбон буруутгаж, улмаар Украины Ерөнхийлөгчид шахалт үзүүлж, Жо Байден болон түүний хүүг шалгуулах гэж оролдоод, өөрөө сэнтийгээсээ буух шахсан билээ. Энэ бүх зүйл өрсөлдөгчөө харлуулах гэсэн сонгуулийн пи-ар уу, эсвэл бүр Жо Байден, Хантер Байден, Дональд Трамп гурвуулаа Хятадаас санхүүгийн хувьд хамааралтай юу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.