“УБ Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхантай ярилцлаа.
–Танай эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж буй хоёр хүнээс коронавирус илэрсэн гэх мэдээлэл иргэдийг ихэд сандаргасан ч шинжилгээний хариу эцэстээ сөрөг гарсан талаар ЭМЯ-наас мэдээлж иргэдийг тайвшрууллаа. Ер нь танай эмнэлэгт ашиглаж байгаа JTM түргэвчилсэн оношлуурын хариу ямар тохиолдолд эерэг гарах вэ?
–Коронавирусийн халдвар авснаас 2-3 долоо хоногийн хугацаанд хүний дархлааны системд тус вирусийн эсрэг тэмцдэг тусгай уургууд бий болдог. Манайд ашиглаж байгаа JTM оношлуур нь вирус байгаа гэдгийг бус, биед нь халдвар ороод, дархлааны системийн эсрэг биет бий болгосон уу гэдгийг үздэг. Гэхдээ 100 хувь оношилдог оношлуур гэж хаана ч байхгүй. Эерэг гарсан 88 настай иргэн нь хавдартай, хоёр дахь удаагаа хүнд хэлбэрийн хатгаа тусч, эдгэрэхгүй удсан учраас хоёр удаа шинжилж үзэхэд шинжилгээний хариу эерэг гарсан. Эерэг гарна гэдэг нь вирус байна гэсэн үг биш.
–Түргэн оношлуураар хоёр удаа үзэхэд эерэг гарч байхад PCR-аар сөрөг гарсан. Альд нь итгэх вэ?
-Ер нь бүрэн төгс, алдаагүй оношилдог төхөөрөмж ховор. Нарийн яривал, PCR ч алдаа гарна. Техникийн бөгөөд хувь хүний субьектив үйлдлээс болоод алдаа гарч болно. Түргэвчилсэн оношлуураар шинжлээд эерэг гарч буй хариу нь тухайн хүн халдвар авчихсан, эсвэл халдвар аваад эдгэрээд дархлааны эсрэг биет нь үлдчихсэн байх ч магадлалтай. Харин сүүлийн хувилбар нь оношлуур алдаатай байж болно.
Гэхдээ коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрээд дархлаа тогтсон гэх магадлал энэ оношлуураар үзэхэд 95-97 хувьтай байгаа юм. Бид улс төрч, дарга нар биш эмч, сувилагч нар учраас хүмүүсээ хамгаалахын тулд нуугдмал байсан ч, ил байсан ч илрүүлэхийг бодно. Тиймээс ч тандалт 40 хүнд хийсэн. Энэ бол үнэхээр бидний хийх ёстой ажил. Мэдээж дэлхий дахинд коронавирусийн халдвар цоо шинэ өвчин учраас вирусийн хувьд судлах, оношлох, эмчилгээний хувьд бүх зүйл шинэ байна.
–Коронавирусийн халдвар аваад эдгэрээд, дархлааны эсрэг биет нь тухайн хүнд үлдчихсэн байх магадлалтай гэдгийг та өмнө нь өөрийн цахим хуудсаараа илэрхийлсэн. Үнэхээр тийм байх боломжтой гэж үү?
-Дэлхийн олон улсын эрдэмтэн судлаачид хүмүүст дархлаа тогтсон байж магадгүй гэж сэжиглэж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдварыг олон нийтэд арванхоёрдугаар сарын эхээр зарласан. Гэсэн ч олон улсын хэвлэлээр арваннэгдүгээр сарын 20-доор Ухань хотод коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн хэмээн яригдаж байна. Ухань хотод багаар бодлоо гэхэд 1-4 хүн халдвар авсан гэж үзвэл тэр үед манай иргэд Бээжин, Гуанжу, Шинжин зэрэг хотууд руу шинэ жил, цагаан сарын бараагаа татахаар Ухань хотоор дамжсан болж таарч байгаа юм. Тэгвэл халдварын голомтоос ирсэн монголчууд яагаад зүгээр байна вэ гэдгийг таамаглаад үзэхэд коронавирусийн халдвар авч эдгэрээд дархлааны эсрэг биет нь үлдчихсэн байх магадлал өндөр байгаа юм.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 30 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. Гэхдээ энэ нь гурван сая хүний дотор 30 байна гэсэн үг биш. Зөвхөн PCR-аар оношилгоо хийсэн 3000 хүн дотор л 30 байна гэсэн үг.
Энэ нь гурван сая хүнд халдвар огт байхгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Монгол Улсын одоогийн эдийн засаг болон техник технологи эмч нарын хүрэлцээ нөхцөл байдлыг харахад гурван сая хүн бүрт PCR-ийн шинжилгээ хийж чадахгүй. Өвөл хүндээр ханиад хүрч хүндэрсэн хүмүүс түргэн оношлуураар үзүүлээд, биед нь эсрэг биет төрсөн эсэхийг оношлуулах нь зөв.
-Монголчуудад дархлаа суусан байлаа гэж бодоход үүнд юу нөлөөлсөн гэж та бодож байна вэ?
-Бүх хүн өвдөөд эдгэрэхэд дархлаа тогтдог. Үүнд ямар нэгэн нөлөөлөх зүйл байхгүй.
-Өчигдөр /2020.04.15/-ийн байдлаар дэлхий дахинд коронавирусийн халдвараар өвчилсөн 485674 хүн эдгэрсэн. Тэдгээр хүмүүст эмчилгээнээс гадна юу нөлөөлж байгаа бол?
-Хатуухан хэлэхэд дэлхий дахинд эмч нар коронавирусийг эмчлээд байгаа юм биш. Эмч нар болзошгүй хүндрэлээс сэргийлж, тухайн хүн амьсгалын дутагдалд орсон бол аппаратад холбож, хүндрээд бактерийн хатгалгаа болох юм бол антибиотикоор эмчилж байгаа. Эцсийн эцэст коронавирусийг дийлээд байгаа ганц зүйл нь хүний өөрийнх нь дархлаа юм. Коронавирусийг утсгах, эдгээх вакцин эм бэлдмэл гараагүй. Бараг гарах ч боломжгүй.
–Яагаад?
–Учир нь коронавирусийн халдвар хүний эсэнд, эсээс цөмд, цөмөөсөө генд нь очиж бэхлэгдээд, генээс нь өөрийгөө үйлдвэрлэдэг үйлдвэр болгож хувиргадаг. Өөрөөр хэлбэл, вирус удирдлагыг гартаа авдаг гэсэн үг. Тиймээс хүн бүрийн генд нөлөөлөхүйц вакцин, эм хийнэ гэдэг өөрөө маш эрсдэлтэй хэцүү.
БНХАУ анхдагч өвчтөн буюу нэг номерын хүнийг өнөөдрийг хүртэл олоогүй байгаа нь байдлыг бүр дордуулж байна. Тэр хүний талаар бүр таамаг ч алга.
Хэрэв нэг номерын хүнийг олчих юм бол халдвар хаанаас, хэдний өдөр авсан болохыг тогтооно. БНХАУ-д арванхоёрдугаар сарын дундуур амьтны захаас сарьсан багваахай худалдаж авсан залуу анхдагч гэх мэдээлэл тархсан ч тэр нь хүртэл батлагдаагүй л байгаа. Тиймээс халдвар хэзээ ч тархсан байж болзошгүй. Би муу амлаад байгаа юм биш. Жирийн эмчийн хувьд эрсдэлийг аль, аль талаас нь бодож байна. Магадгүй монголчуудад коронавирусийн халдварын эсрэг дархлаа суусан бол сайн л байна. Англи болон Шведийн эрдэмтэн судлаачид төр засагтаа сүргийн дархлаа тогтоох нь эдийн засаг болон нийгэмд ашигтай гэж зөвлөөд байгаа зүйл нь манайд тохиолдсон байж магадгүй.
Э.БУРАМ