Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2024.11.04/ томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл хийлээ. Тандан судалгаагаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт шар түвшинд буюу идэвхжлийн түвшинд байна. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 85 хувийг 15 хүртэлх насныхан, 50 хувийг тав хүртэлх насныхан эзэлж буй аж.
Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 3-ний байдлаар есөн дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 900 гаруй хүүхэд байна. Улаанбаатар хотын хэмжээнд нэмэлтээр 200 гаруй ор дэлгэсэн. Аймгуудын хувьд томуу, томуу төст өвчинтэй холбоотой орны ачаалал бага. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчинтэй холбоотой 4-5 төрлийн вирус зонхилон тархаж буй ажээ.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Чанарын албаны дарга, хүүхдийн эмч А.ОЮУНЧИМЭГ:
-Аденовирус гэхээр нүд нь өвдсөн, реновирус хамар нь битүүрнэ, параимперовирус хоолой нь боож байгаа хүүхэд, эровирус гуурсан хоолойг агшаагаад хатгаанд хүргэдэг дөрвөн вирус зонхилон тархаж байна. Хүүхдүүд дээр өнгөрсөн долоо хоногоос хүндрэл нэмэгдсэн. Эдгээр дөрвөн төрлийн вирусээр халдварласан хүүхдээ ээжүүд сайн анзаараарай.
Халуурна, хоолой нь өвдөнө, ханиалгана. Хүндэрсэн тохиолдолд ларенгитын шинж тэмдэгтэй хүүхэд амьсгал авахдаа хяхатнаад муухай зурж байгаа юм шиг ханиалгана. Энэ тохиолдолд хүүхэд унтаж чадахгүй. Удааж болохгүй, яаралтай эмчид хандах ёстой.
Өдрийн цагт өрхийн эмнэлэгтээ ханд. Эсвэл 103 дууд. Шөнө бол гэртээ хамгийн ойр эмнэлэгт хандаж, эмчид үзүүлэх ёстой. ЭХЭМҮТ-д шөнөдөө 460 орчим хүүхэд ирж байна.
Мөн хүүхэд тайван үедээ хяхатнаад муухай дуугарна. Энэ тохиолдолд мөн удааж болохгүй. Тайван үедээ хяхатнаатай амьсгалаад байвал төвөнх дээрээ бачуурсан байгаа.
Хүүхэд уйлж уйлж, амьсгаа авахдаа эвгүй дуугарвал хөнгөн зэргийн ларенгит явж байна, эмчид ханд.
Тайван үедээ хүүхэд муухай дуугарвал хүндэрсэн байна гэсэн үг. Эцэг, эх өглөө болгочихоё гэсээр байгаад хоолойг нь боолгож, хүндрүүлдэг.
Халууралтыг мөн сайн үзэх ёстой. Айл бүр халууны шилтэй байх хэрэгтэй. Хүүхдийн халууныг үзэхэд халуун 38.5 -аас дээш бол 3 сар хүртэл хүүхэд, мөн 39-өөс дээш халуун зааж байгаа бол хүндрэх өндөр эрсдэлтэй.
Цагаан халуурч байна уу, улаан халуурч байна уу гэдгийг эмч нар асуудаг. Царай нь цонхийгоод, хөл ,гар нь хүйтэн, арьс нь эрээн бол хүндэрнэ. Цагаан халуурлын үүсгэгч нь илрээгүй байгаа нянгийн муухай халдвар эсвэл ковид ч юм уу байж болзошгүй. Хамгийн ойрын эмчид хандах ёстой.
Царай нь улаан, гар нь халуун, хүүхдийн хөл мөлүүхэн чичрэх шинж тэмдэг илрэхгүй бол шөнөдөө өнгөрөөгөөд өглөөдөө өрхийн эмчдээ ханд.
Хүүхэд халуурсан тохиолдолд 125 мг парацетомол амаар уулгах, эсвэл шулуун гэдсээр лаа хийх шаардлагатай. Өндөр халуурсан үед буюу 38.5 ба түүнээс дээш, мөн хийсвэрээр төрсөн хүүхэд 38 градус хүртэл халуурч байгаа бол хүндэрч байна гэсэн үг эмчид хандах ёстой. Хүүхэд хүндэрч байна уу гэдэг дээр юуг анхаарах ёстой вэ. Нэгдүгээрт халуураагүй байхдаа хоолондоо дургүй, орчны сонирхол бага бол х хүндэрч байгаа хүүхэд.
Арваас дээш насны хүүхдийг том гээд эцэг, эхчүүд хайхардаггүй, анхаардаггүй. Гэтэл уушигны дэлбэнгийн хатгаагаар 10 настай хүүхэд ч ирж байна. Эмчид үзүүлж, эмчилгээг цаг тухайд нь хийлгээ, гурав хоногийн дараа дахин үзүүлэх ёстой гэж зөвлөсөн бол зөвлөгөөг дагаарай. Эцэг, эхчүүд хоног алдаж, эмчид хандаж байгаагаас хүүхдийн өвчлөлийг хүндрүүлж байна.