Дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл, 3-нд Токио, 4-нд Сөүл рүү тусгай үүргийн нислэг хийж, 750 орчим иргэнийг эх оронд нь авчирна гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ. Харин Турк, Герман руу тусгай үүргийн онгоц илгээх шийдвэр гаргаагүй байна. Учир нь Турк улс 65 орноос онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн тул нислэгийг зогсоосон бол БНГУ-ын Берлин хот руу манайх шууд нислэг үйлддэг ч Берлин нислэг хүлээж авахаа зогсоосон юм байна.
Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд 21 хоног тусгаарлагдах учир хувийн болон албан ажлаа зохицуулах, иргэд онгоцны тийзийн үнэ, тусгаарлагдах байрны төлбөрийг төлөхөөс гадна тухайн улсдаа шинжилгээ өгсний дараа онгоцонд суух эрх нээгдэнэ гэдгийг сануулаа.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: 4805 монгол иргэн ЭСЯ-аараа дамжуулан эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Үүний 2400 нь Солонгост байгаа иргэд. Өнөөдрийн байдлаар БНСУ-аас 800 гаруй иргэн эх орондоо буцахаар бүртгүүлсэн гэлээ.
ОБЕГ-ын дарга, Хурандаа Т.Бадрал: Иргэд тухайн улсдаа шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай бөгөөд шинжилгээгээр халдвартай гарсан, халуурсан, халдварын шинж илэрсэн бол тэр хүнийг онгоцонд суулгахгүй. Олон хамтын ажиллагааны дүрэм журмын дагуу тухайн улсдаа эмчлүүлнэ. Мөн энгийн нислэг биш учир онгоцонд хоолоор үйлчлэхгүй. Онгоцонд амны хаалт зүүх, ариун цэврийн өрөө орох зэргээр шилжилт хөдөлгөөний хийхгүйн тулд суухаас өмнө хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй. гэв
Мөн онгоц газардмагц 20 асуулт бүхий асуумж бөглөнө, онгоцонд суудлаа солихгүй, асуумж судалгаанд суудлын дугаараа үнэн зөв бөглөхийг шаардаж байгаа бөгөөд зорчигчдыг нэрсийн дагуу буулгаж, мэдээллийг баталгаажуулна хэмээн анхааруулаа.