ОХУ-ын Ростов, Белгород, Воронеж мужуудын радио станцууд ерөнхийлөгч Путины хэлсэн үгийг дамжуулжээ. Энэ нь Украины армийн дайралтаас болж оросуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай боллоо, мөн дайчилгаа зарлаж байна гэсэн утгатай мэдэгдэл байсан. Гэвч орон нутгийн эрх баригчид болон Кремлиэс энэ мэдэгдлийг хуурамч гэж мэдэгджээ.

Мэдэгдэлд “Оросын иргэд, элэг нэгт ахан дүүс ээ. Өнөөдөр 04:00 цагт НАТО-ийн зэвсгээр зэвсэглэсэн Украины цэргүүд АНУ-ын дэмжлэгтэйгээр Курск, Белгород, Брянск мужуудын нутаг дэвсгэрт довтлов. Манай хилийн харуулууд болон зэвсэгт хүчин түрэмгийлэгчдийн эсрэг зоригтой тэмцэж байна. Миний зарлигийн дагуу Курск, Белгород, Брянск мужуудын нутаг дэвсгэрт байлдааны дэглэм тогтоолоо. Аюултай, зальтай дайсныг ялахын тулд ОХУ бүх хүчээ нэгтгэх шаардлагатай байгаа тул өнөөдөр би ерөнхий дайчилгааны тухай зарлигт гарын үсэг зурна” гэж хэлсэн байна. Мөн Курск, Белгород, Брянск мужуудын оршин суугчдыг улс орны гүн рүү нүүлгэн шилжүүлэхийг уриалжээ. 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ мэдэгдлийг хуурамч гэж мэдэгджээ. Мөн энэ нь иргэдийг сандаргах зорилготой хуурамч мэдэгдэл гэв.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA