Өчигдөр АНУ-ын засаг захиргаа Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийн шинэ багцыг зарлажээ.
Нийт $1.1 тэрбумын дүнтэй энэ багцад HIMARS (High Moblity Artillery Rocket Systems) пуужингийн систем 18 ширхэг багтсан тухай Пентагон мэдээлсэн байна.
Энэхүү пуужингийн артиллерын систем нь 80 км хүртэл алсаас өндөр нарийвчлалтай цохилт өгөх чадвартай зэвсэг юм. Одоогоор Украины арми 16 ширхэг ийм зэвсгийг Оросын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тулаанд үр дүнтэй ашиглаж байгаа гэсэн мэдээлэл бий.
Зургаадугаар сард Украины тал анхны HIMARS-аа АНУ-аас хүлээж авсан бөгөөд тэр үеэс хойш Оросын цэргийн чухал байгууламжуудад оновчтой цохилт өгөх замаар дайны салхийг эргүүлсэн юм.
Энэ удаагийн тусламжийн багцад HIMARS-аас гадна 150 ширхэг хуягт автомашин Humvee, 150 ширхэг тактикийн чирэгч машин, зэвсэг тээвэрлэх зориулалттай 80 чиргүүл, 40 ачааны автомашин, дрон илрүүлэгч радарын систем хоёр ширхэг, сум нэвтрүүлдэггүй хантааз зэрэг зэвсэг, хэрэгсэл багтжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тусламжийн шинэ багцыг “цагаа олсон шийдвэр” гэж магтаад Америкчуудад талархал илэрхийлсэн байна.
Дайн эхэлснээс хойш АНУ-аас Украинд үзүүлсэн зэвсгийн тусламжийн нийт хэмжээ $16.2 тэрбум хүрчээ. Наймдугаар сард $3 тэрбумын тусламж үзүүлсэн нь нэг удаагийн хамгийн том багц болж байв.