Энэтхэгийн ерөнхий сайдын Твиттер хаягийг үл мэдэгдэх хакер хэсэг хугацаанд гартаа оруулсан тухай тус улсын засгийн газар өчигдөр мэдэгджээ.
“Асуудлыг Твиттер компанид даруй мэдэгдсэний үр дүнд эзэмших эрхээ удалгүй буцааж сэргээлээ. Энэ хугацаанд нийтлэгдсэн ямар нэг мэдэгдлийг хүчингүйд тооцно ” гэж Энэтхэгийн ерөнхий сайдын албанаас мэдээлсэн байна.
Тухайн хакер ерөнхий сайд Нарендра Модигийн хуудсанд “Энэтхэг улс биткоиныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болголоо. Засгийн газар албан ёсоор 500 биткоин худалдаж авлаа” гэж зарлаад үүнийгээ бүх иргэдэд хувааж тараах гэж байгаа тухай мэдэгджээ.
Уг мэдэгдлийг Твиттер компаниас удалгүй устгасан юм.
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нь Твиттер сүлжээнд 70 сая гаруй дагагчтай. Энэ бол дэлхийн аль ч улсын төрийн тэргүүнд байхгүй өндөр үзүүлэлт юм.
Энэтхэг улс биткоиныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцдоггүй. Одоогоор дэлхийн улс орнуудаас ганцхан Эль Сальвадор улс ийм алхам хийгээд байгаа юм.
Эх сурвалж: CNN