ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебрейсиус лхагва гаригт дэлхий дахин “COVID-19” цар тахлын эсрэг нэг, хоёр сарын өмнөөс эрчимтэй хариу арга хэмжээ авах ёстой байсан гэв.
Швейцарын Женев хот дахь ДЭМБ-ын төв байранд болсон хэвлэлийн хурлын үеэр тэрээр “Энэ вирус бол дэлхий нийтийн номер нэг дайсан. Үнэндээ дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг нэг, хоёр сарын өмнөөс эрчимтэй хариу арга хэмжээ авах ёстой байсан. Гэсэн ч бидэнд одоо ч гэсэн үүнийг ялах боломж байгаа гэдэгт итгэсээр байна. Одоо бидэнд зөвхөн ганцхан боломж байгаа бөгөөд вирусийн дэгдэлтийг зогсоож, хяналтдаа оруулахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийх ёстой. Энэ бол хүн бүрийн хариуцлага. Тэр дундаа улс төрийн ойлголцол, Засгийн газар, эрх баригчдын үүрэг оролцоо хамгийн чухал” гэсэн юм.
Дэлхийн хэмжээнд пүрэв гаригийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан 468905 тохиолдол, 21200 нас баралт бүртгэгдээд байна.
Эх сурвалж: WHO.int, Worldometers.info