Улсын онцгой комисс болон холбогдох төрийн байгууллагуудаас Ковид-19 өвчлөлийн халдвараас урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээг авч ажиллаж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн, сэтгэл санааг үймүүлсэн мэдээ, мэдээллүүд гарч, иргэдийн зүгээс энэ талаар цагдаагийн байгууллагад мэдээлсээр байгаа юм.
2020 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар цагдаагийн байгууллагаас цахим орчинд гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдлийн талаарх худал мэдээ, мэдээллийг түгээсэн найман иргэнд Зөрчлийн тухай хуулиар, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан дөрвөн иргэнд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцохоор холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Дээрх иргэд цахим орчинд
- “11 цагаас бүх шатахуун түгээх хааж дэлгүүрүүдийг хааж магадгүй амжуулах зүйлс их шүү 30 минутанд”,
- “Төв номын сангийн өөдөөс харсан KFC орсон хүмүүс яаралтай шинжилгээ өгч өөрсдийгөө тусгаарлана уу… KFC ажилтан өндөр халуурч эхэлжээ”,
- “Е-март руу битгий ороорой тэдний нягтлан ажил дээрээ халуураад, цагдаа эмнэлэгийнхэн авч явж байна”,
- “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгойн кэмпид онц байдал зарлалаа” зэрэг худал, ташаа мэдээллүүдийг нийтэлж, олон нийтэд түгээсэн юм.
Иймд иргэд та бүхэн цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусны нэр төр, алдар хүндэд халдахгүй байх, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдлийн талаарх худал мэдээ, мэдээллийг бусдад түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас албан ёсоор анхааруулж байна.