Цахимаар хуралдаж 10 сая төгрөг хэмнэжээ

0
313

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурлыг анх удаа цахим хэлбэрээр явуулав.  Цахим хуралд төрийн болон орон нутгийн өмчит 33 байгууллага оролцжээ.

Үйлдвэр, компани тус бүр 2019-2020 оны өвөлжилтийг давсан талаар товч тайланг танилцуулж, цаг үеийн болон тулгамдсан асуудлаар тодорхой мэдээлэл өгч, санал солилцсон байна. Өвөлжилтийн  байдалд хүндэрсэн  тохиолд бүртгэгдээгүй,  2019 оны техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засвар, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл 94-100 хувьтай гарсан талаар танилцуулсан. Мөн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Шивээ-Овоо”, “Багануур”, “Шарын гол” зэрэг нүүрсний уурхайнуудын төлөөлөл цахимаар холбогдож, нөхцөл байдлаа танилцуулсан юм.

Хурлын үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбарын нийт үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудад:

  1. 2020 оны батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөө, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн гүйцэтгэлийг тайлагнаж ажиллах,
  2. Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендерийг холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд шуурхай зохион байгуулж ажиллах,
  3. Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад шаардлагатай тоноглолуудад их болон урсгал засвар, ТЗБАХ-ний төлөвлөгдсөн ажлуудыг хугацаанд нь бүрэн хийж дуусгах,
  4. Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын их болон урсгал засвар, ТЗБАХ, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрмийн дагуу бэлтгэл ажлыг бүрэн хангах,
  5. ДЦС-4, ЭДЦС, Чойбалсан ДЦС-ын өргөтгөл, шинэчлэл болон томоохон бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан хугацаанд нь хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг ДЦС-4, ЭДЦС, ДБЭХС-ийн гүйцэтгэх захирал, төслийн нэгжид,
  6. Нэгдсэн системийн томоохон зангилаа дэд станцуудын найдвартай ажиллагааг хангах үүднээс реле хамгаалалтын тавил, автоматикийн тоноглолын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр техникийн арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангахыг Диспетчерийн үндэсний төв, үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирал нарт,
  7. Хаврын салхи, шуурганы улирал эхэлж байгаатай холбогдуулан цахилгаан дамжуулах шугам, дэд станц, тоноглолд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, илэрсэн гэмтлийг засварлах ажлыг шуурхай зохион байгуулж, биелэлтийг 2020 оны 05 дугааар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг холбогдох байгууллагуудын дарга нарт,
  8. Болзошгүй аваар саатал, онцгой байдал үүссэн үед ашиглах машин механизм, дизель станц, мазут, нүүрсний нөөц, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн бэлэн байдлыг хангах, шуурхай ажиллагааны баг, аюулгүйн болон аваарын сэлбэг материалыг нөөцөд бэлэн байлгах, байнгын хяналт тавьж ажиллах,
  9. ТАД, ААД болон бусад дүрэм журмыг мөрдөн ажиллах, инженер техникийн ажилтан болон ажиллагсадын  мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх  давтан сургалт зохион байгуулж, хяналт шалгалт сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэхэд онцгой анхаарч ажиллах,
  10. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд Засгийн газар, Улсын онцгой комисс, дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг шуурхай хэрэгжүүлж, тогтоосон хэм хэмжээг чанд мөрдөж сахилга хариуцлагатайгаар ажиллах,
  11. Ажлын байрны орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, шаардлагатай эмчилгээ, оношлогооны болон эрүүл ахуйн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийн найдвартай хангалтыг бүрдүүлж ажлын байранд ажилтан, албан хаагчдаа халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авах,
  12. Ажлын тусгай горимд ажиллах төлөвлөгөө, орлон ажиллах схемийг боловсруулж бэлэн байдлыг хангах,
  13. Эрчим хүчний сайдын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Түлш, эрчим хүчний албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах тухай 78, 79, 80, 81 дүгээр тушаалууд гарсантай холбогдуулж холбогдох байгууллагууд биелэлтийг хангаж ажиллах (”ДЦС-2” ТӨХК, ”ДЦС-3” ТӨХК, ”ДЦС-4” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК, “УБЦТС” ТӨХК, “УБДС” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК),
  14. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, хот хоорондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан үед шуурхай ажиллагаа, засварын ажилтнууд, машин механизмыг хяналтын цэгүүдээр нэвтрэх асуудлыг Улсын онцгой комиссын 5 дугаар хуралдааны тэмдэглэлийн 9-2-т “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас улс, хот хооронд зорчих төрийн албан хаагч болон иргэдийн нотлох баримтыг үндэслэн хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр нэвтрүүлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэхийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасны дагуу харьяа орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх,
  15. Салбарын үйлдвэр компаниудын гүйцэтгэх захирлуудын гэрээг дүгнэхтэй холбогдуулж гэрээний гүйцэтгэлийг яаралтай гаргаж холбогдох албан тушаалтанд хүргүүлэх зэрэг үүрэг даалгаварыг өгсөн байна.

Мөн уг хурлыг цахимаар зохион байгуулснаар үйлдвэр, компаниудын захирлын томилолтын зардал болох 10 гаруй сая төгрөг хэмнэсэн  бөгөөд хурлын үеэр ямар нэгэн длголдол аграагүй учир шаардлагатай тохиолдолд хурлуудыг цахим хэлбэрээр явуулж болно гэх дүгнэлтэд хүрсэн байна.