АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа 500 сая тун Pfizer вакциныг дэлхийн улс орнуудад тусламж болгон хандивлахаар худалдаж авах болсныг өчигдөр хэвлэлүүд мэдээлжээ.
Жо Байден уг шийдвэрээ энэ долоо хоногт Их Британид болох Их Долоон гүрний удирдагчдын уулзалтын үеэр зарлах гэнэ.
Тэрбээр Их Британи руу нисэхээр онгоцондоо суухаас өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа энэ тухай цухуйлгасан байна. “Би энэ тухай удахгүй зарлана” гэж Байден сэтгүүлчийн асуултад товч хариулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр АНУ ашгийн бус үнээр Pfizer компаниас вакцин худалдан авч, эхний 200 сая тунг нь энэ онд, үлдсэн 300 сая тунг ирэх онд дэлхийн улс орнуудад хандивлахаар болсон байна.
АНУ өөрөө хүн амынхаа талаас дээш хувийг вакцинжуулсны үр дүнд коронавирусийн халдварын тархалт үлэмж хэмжээгээр буураад байгаа. Үүнтэй зэрэгцэн вакцины хомсдолтой байгаа бусад улс орнуудад туслахыг олон улсын байгууллагууд Байдены засаг захиргаанаас шаардах нь нэмэгдсэн юм.
Эх сурвалж: AFP