Өчигдөр Европын Холбооны эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA (European Medicines Agency) коронавирусийн эсрэг AstraZeneca вакцин цусны бүлэгнэл шууд үүсгэдэггүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Тариулсан хүнд цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн шалтгаанаар Европын 13 улс уг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахыг түдгэлзүүлээд байсан юм.
EMA-гийн дүгнэлт гарсны дараа Герман, Франц, Итали, Испани улсууд AstraZeneca вакциныг үргэлжлүүлэн ашиглах болсноо зарлажээ.
Улс бүр тус тусын шийдвэрийг гаргаж байна. Тухайлбал Швед улсын засгийн газар эцсийн шийдвэр гаргахад нь дахин хэдэн өдрийн хугацаа шаардлагатайг мэдэгджээ.
Францын ерөнхий сайд Жан Касте улс оронд нь цар тахлын гурав дахь давалгаа эхэлж, Парис хотод хатуу хөл хорио тогтоосон тул дархлаажуулалтын хөтөлбөрөө хурдасгах шаардлагатай байгааг мэдээлсэн байна.
Тэрбээр өөрөө өнөөдөр AstraZeneca вакцины эхний тунг тариулах ажээ.
“Энэ бол аюулгүй, үйлчилгээ сайтай вакцин. Covid-19 өвчинтэй холбоотой эрсдлээс хүмүүсийг хамгаалах ач тус нь учруулж болзошгүй бусад эрсдлээсээ илүү өндөр юм” гэж EMA байгууллагын гүйцэтгэх захирал Эмер Күүк өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Гэхдээ маш ховор тохиолдолд AstraZeneca вакцин цусны бүлэгнэл шууд үүсгэдэг байх боломжийг тэр үгүйсгээгүй юм. Тиймээс эмч мэргэжилтнүүд өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүст вакцин тарихдаа эрсдлийг сайн тооцоолох ёстойг сануулжээ.
Эх сурвалж: BBC