УИХ-ын өнөөдрийн чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж авахгүй гэж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийг сэргээн шалгах нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй. Г.Занданшатар даргатай УИХ өөрсдийнхөө баталсан хуулийн төслийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэв.
Үндсэн хуулийн Цэц хүртэл явсан энэ хууль ердөө дөрөвхөн заалттай. Хуулийн гол агуулга нь прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон гэмт хэргийг сэргэн шалгах зохицуулалт. Ингэхдээ зөвхөн 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хоорондох хэргийг гэж онцолсон нь сонирхол татаж буй.
Гэхдээ энэ хууль өөрөө хүний эрхийг, Үндсэн хууль зөрчсөн гэж маш олон хүн Цэцэд гомдол гаргасныг нэгтгэж, дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн байдаг. Харин өнөөдөр УИХ хүлээж аваагүй учраас одоо Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ. Хэрэв Цэцийн их суудлын хуралдаанаар дахин Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргавал хууль өөрөө шууд хүчингүй болно.
Их суудлын хуралдаанаар УИХ-аас Үндсэн хууль зөрчөөгүй гэх үндэслэлийг сайтар судалж, шийдвэрээ гаргана. Ингэхдээ УИХ-аас гаргасан Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж аваагүй шийдвэр Цэцэд ирсний дараа судалж, хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх зохицуулалттай.
Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас дунд суудлын хуралдааныхаа шийдвэр буюу хэргийг сэргээн шалгахтай холбоотой хууль Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэх болов уу. Өөрөөр хэлбэл, Цэц их суудлын хуралдаанаараа Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргавал хууль бүхэлдээ хүчингүй болно. Энэ нь эрх баригчдад ч ашигтай хувилбар байж болно. Эрх баригчид энэ хуулийг баталсан, харин тэд баталсан хуулиа Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргаснаас Цэцийн их суудалд “шилжүүлсэн” нь одоогийн нөхцөлд зөв хувилбар ч байж болох юм.
Эрүүгийн хуулийн 22-р зүйлд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой заалтууд багтдаг. Өөрөөр хэлбэл, энэ заалтыг улс төрийн зорилгоор “ашиглах” эрсдэл маш өндөр гэсэн үг. Жишээлбэл, авлигын гэмт хэрэгт холбогдсон ч шүүхээр тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан ч энэ хэргийг хэн нэгний “завраар” нөхөн сэргээгээд, дахин шалгалт явуулах боломж бүрдүүлсэн хуулийн зохицуулалт байсан юм.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.
Тиймээс эрх баригчид авлигачдыг “хамгаалсан” нэр зүүснээс Цэцийн их суудалд асуудлыг “шилжүүлэх” нь нэр цэвэр байж болох хувилбарыг сонгосон учраас өнөөдөр Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж авалгүй, өөрсдийгөө Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байж болно хэмээн дүгнэх хүмүүс байна. Г.Занданшатар даргатай энэ УИХ “арьсаа” хамгаалж, өөрсдийнхөө зөв гэж дүгнэв. Ямартай ч УИХ энэ асуудлаар шийдвэрээ гаргалаа. Харин одоо Цэцийн их суудлын хуралдаан ямар шийдвэр гаргахаас асуудал тодорхой болох юм.