УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшсэн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд: Хүмүүсийн ярьж заншсанаар хар машинаар тооллогоо явууллаа. Энэ удаагийн сонгуульд хамгийн олон буюу 121 хүн бие даан нэр дэвшсэн. Олон нийт намыг гэхээс илүү хүнийг харна гэсэн байдлаар хандаж байгаа нь олон судалгаагаар гарч байсан.
Би Дархан-Уул аймагт нэр дэвшсэн. Бүх уулзалтын тойм хадгалагдаж, баримт болон үлдсэн байгаа. Иргэд өнөөдрийн төр засагт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан. Өрсөлдөгч намууд маань намайг 1-ээр гарна гэдэгт итгэлтэй байсан. Хэдийгээр бие даагчид тус тусдаа нэр дэвшигчид боловч үзэл бодлоо нэгтгэн энэ сонгуульд оролцсон.
Харамсалтай нь зөвхөн бие даагчид дээр сонгуулийн машинд огт байгаагүй таслал гэдэг формат орж ирсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн тоонууд л байгаа. Гэтэл бие даан нэр дэвшигчдийн авсан саналын тоонууд таслалтай гарч ирсэн.
Тодруулбал, энэ бол хөндлөнгөөс орж ирж байгаа хакер ажиллагаа. Миний авсан санал анх бусад нэр дэвшигчээс хамгийн эхэнд 7,311 гэж гарч ирсэн. Миний нэрээс доош бичигдсэн хүмүүсийн саналын тоон дээр таслал байхгүй. 14,622 саналтайгаар хамгийн эхэнд бичигдэж байгаа хүний саналыг эксел программ дээр хоёр хуваахад автоматаар 7,311 гэж таслалтай гарч ирдэг.
Энэ ганцхан над дээр биш. Бичлэг ухрааж үзвэл бүх бие даан нэр дэвшигч дээр ийм таслал гарч ирсэн.
Тиймээс тэр бүх тойрог дээр дахин сонгууль явуулахыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс шаардаж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид үүнийг хандаж хэлмээр байна.
Би нэгээр гарах гээд байгаадаа биш шударгаар өрсөлдье гэж байгаа юм.