Халдвар авсан хүн амьсгалах, ханиалгах эсвэл найтаах үед энэ ухаалаг маск коронавирусыг илрүүлэх юм. Биоинженер Jim Collins болон түүний багийнхан тухайн хүн амьсгалах, ханиалгах болон найтаах үед гэрэл асаж, дохио өгөх нүүрний маскыг зохион бүтээжээ. Энэ технологи мөн эмч нарт өвчтөнүүдийг ямар нэгэн шинжилгээнд хамруулалгүй оношлоход нь туслах үр өгөөжтэй талаар Collins хэлжээ. Мөн тэрээр уг маскны тусламжтай нисэх онгоцны буудал, оффис болон бусад олон нийтийн газруудад вирус тархахаас сэргийлж, халдвар авсан өвчтөнийг илрүүлэхэд тус болох талаар хэлсэн байна.
“Бид транзит тээврийг нээж байгаатай холбогдуулан, нисэх онгоцны буудал болон түүгээр дамжин өнгөрөх, нисэх онгоц доторх аюулгүй байдлыг хангах нь чухал. Та эсвэл өөр хүмүүс энэ ухаалаг маскыг ажил руугаа эсвэл ажлаасаа явах замдаа хэрэглэж болно. Эмнэлгүүд гэхэд үүнийг өвчтөнүүд хүлээлгийн өрөөнд хүлээх эсвэл оношлогоо хийлгүүлэхээр ирэх үедээ халдвар авсан эсэхээс үл хамааран хэрэглэхэд тохиромжтой.” гэж Collins “Business Insider” эх сурвалжид өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. Дэлхий дээрх олон улс орнууд одоо шинж тэмдэг илэрч байгаа болон шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг бүгдийг шинжилгээнд хамруулах ажилд ханцуй шамлан орж байгаа билээ. Гэсэн хэдий ч, үр дүнтэйгээс гадна богино хугацаанд оношлох оношлуурыг зохион бүтээх нь хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа сорилт болоод байгаа юм. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар оношлуурууд заримдаа вирусын халдварыг сөрөг эсвэл эерэг гэж янз бүрээр тодорхойлж байгаа нь асуудал үүсгээд байна. Энэ нь эрүүл мэндийн салбарынхны үйл ажиллагаанд хор хөнөөл учруулж байгаа нь нууц биш.
2014 оноос хойш Collins цуврал бүтээлүүдийнхээ ажлыг эхлүүлсэн бөгөөд түүний гол зорилго нь вирус эсвэл тахлыг хугацаа алдалгүй, яг үнэн бодитоор илрүүлэх явдал гэнэ. Түүний багийнхан лабораторийн шатанд Эбола вирусыг илрүүлэх мэдрэгчтэй технологийг зохион бүтээх ажлыг хийж байжээ. Харвард болон Мэдээлэл Технологийн их сургуулиуд тэдний ажлын үйл явцыг 2016 онд нийтэлж байв. Тэр үеэс хойш Collins болон түүний багийнхан тухайн технологийн дизайныг шинэчлэн, шумуулаас дамжин вирусын халдвар авч болох Зика вирусыг илрүүлэгчийг зохион бүтээсэн байна. 2018 онд вирус таних технологийн тусламжтай SARS, ханиад томуу, улаан бурхан, Ц вирус болон бусад төрлийн өвчин үүсгэгчийг илрүүлж байжээ.
Дээрх технологийг илүү боловсронгуй болгож, коронавирусыг илрүүлэх нүүрний маскыг зохион бүтээх ажлыг хариуцан хийж байгаагаа Collins хэлсэн юм.