Урьдчилсан ТААМАГ: Говь-Алтайд Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, О.Амгаланбаатар гурвын хооронд “тулаан” өрнөнө

0
448

Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт аль тойрогт ямархуу өрсөлдөөн өрнөхийг урьдчилсан байдлаар таамаглан хүргэж байгаа билээ. Энэ удаад  Говь-Алтай аймаг буюу тавдугаар тойргийг онцолж байна.  Хотын мандатаас “суйлж”, Говь-Алтайд нэмснээр хоёр хүн тэндээс сонгогдох эрхтэй болсон.  Энэ тойрогт МАН УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нарыг “сойж” байгаа. Харин АН Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар, УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан О.Батханд нарыг нэр дэвшүүлэв. Харин “Зон олны нам” Ц.Амарзаяа, “Сахигтун Үндсэн хуулийн эвсэл” Н.Бүргэдаа, Э.Төгссайхан,  “Та бидний эвсэл” С.Батбаатар, Б.Оюунбилэг, “Хөгжлийн хөтөлбөр” нам Г.Дондовсамбуу, “Шинэ эвсэл” Н.Чулуунжав, Э.Эрдэнэтуяа, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам” Д.Ганхуяг нарыг дэвшүүллээ.

Хоёр том намын нэр дэвшигчдийг хүмүүс сайн таних байх.  Н.Бүргэдаа өмнө нь МАХН-аас энэ тойрогт нэр дэвшиж байсан. Бусдыг нь үнэндээ танихгүй. Интернэтээс овог, нэрийг нь тавьж хайгаад ч олигтой мэдээлэл гарч ирэхгүй байна. Говь-Алтайдаа танигдсан хүмүүс юм байлгүй дээ. Нэр дэвшигчдийн байр байдлаас харахад, хоёр том намын хооронд гол өрсөлдөөн өрнөх магадлал нь илүү байна.  Тэр дундаа МАН хоёр гишүүн илгээсэн нь Говь-Алтай улаан байсаар ирсэн түүхэн уламжлалыг давтах дайралт болж байх шиг. Ш.Раднаасэд гишүүн өмнөх сонгуулиар О.Амгаланбаатартай өрсөлдөж, нийт сонгогчдын 51.5 хувийн саналаар ойрхон зөрүүтэй ялалт байгуулсан. Энэ удаад ч хоёр мандатын нэгийг нь “халааслах” магадлал өндөр.  Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд тийм ч дардан замыг туулж, нэр цэвэр үлдээгүй.  Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, авлига, албан тушаалын хэрэгтнүүдэд боломж олгосон гэх шүүмжлэлийн гол бай нь байсан.  Өөрөө янз бүрээр тайлбарладаг. Мөн оймсондоо ам.доллар нууж байгаад баригдсан Мэргэжлийн хяналтынхны ард байдаг Ааяа байж магадгүй гэсэн хардлага сэрдлэг ч түүнийг чиглэдэг. Энэ бүхэн нь өмнөх сонгуулиар олж авсан 51 хувиа бууруулах шалтгаан болж болзошгүй. Гэхдээ л бусад өрсөлдөгчийнх нь нэрийг харахад, финалд гарч, “үдээс хойш” зогсож байхыг үгүйсгэх аргагүй.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан өмнө сонгуулиар Хан-Уулаас гарч ирсэн. “Мишээл экспо”-гийн захирал гэдгээрээ өмнө нь иргэдэд танигдсан тэрбээр өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн болоод зогсохгүй салбарын сайд хүртэл хийлээ. Машины бүхээгт сууж явсан учраас зам тээврийн салбарын туршлагатай маягийн юм ярьж, хүмүүсийн хөх инээдийг барж явсан түүх нь саяхных. Энэ хавар Улаанбаатарт “Тэнгэрийн зам” барина, Дарханы замын ажлыг явуулахын тулд хятадууд оруулж ирнэ гэх мэт сонирхолтой мэдэгдлүүдийг хийж, ад болохоороо нэг болсон нэгэн. МАН яагаад түүнийг Говь-Алтай руу “цөлсөн” нь сонирхолтой. Мэдээж том намын нэр дээрээс босож байгаа гэдэг утгаараа дээгүүр даваанд “барилдчих” байх. Гэхдээ түрүү булаалдана гэж хэлэхэд хэцүү. Тэгээд ч сүүлийн үед Говь-Алтайд элдэв асуудал үүсэж, МАН-ын нэр хүнд бага зэрэг сэвтээд байгаа. Тэр сэв Б.Энх-Амгалан хавиар очиж бууж магадгүй л юм.

МАН-ын хоёрын өөдөөс хамгийн сайн үзэх нэр дэвшигч бол О.Амгаланбаатар.  Өнгөрсөн сонгуулиар АН-аас үзсэн. Нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авч байсан хүн. Энэ удаад ийм хэмжээний дэмжлэг авбал зоолттой парламентад ороод ирчих боломжтой. Гэхдээ сайнаасаа илүүтэй саар бүхэнтэй нэр холбогдоод авсан. 10 эхнэр, 20 хүүхдийн асуудал, 60 мянган ам.долларын цаг, 50 саяыг Б.Хурцад өгсөн гэх мэтээр түүнтэй холбогдсон худлаа, үнэн түүхийг бичвэл дуусахгүй. Мэдээж энэ бүхэндээ тайлбар хийж, залруулсан. Говь-Алтай аймгийнхан намайг мэднэ хэмээн цахим хуудсаараа ч бичиж байсан удаатай. Угаасаа аймгийн Засаг дарга байхдаа л янз бүрийн сайн, муу асуудалд нэр нь байнга холбогдож явсан хүн учраас нутгийнхан нь мэдэх нь ойлгомжтой. Нэгэнт орон нутагтаа танигдсан учраас хүчтэй өрсөлдөөн үзүүлэх байх.

Тэгвэл О.Батханд гэдэг сэтгүүлч яаж яваад АН-аас нэр дэвших мандат авсныг ёстой чөтгөр бүү мэд. З.Энхболдын туслах хийж явсны “шагнал” юм байлгүй дээ. Зарим нэг таамагт түүнийг сонгогдоно гэсэн байх юм. Мөнгө муутай, сайтар танигдаагүй хүн үеийн үед МАН-ын нэр дэвшигчийг сонгож ирсэн Говь-Алтайд очоод, цэнхэр өнгөөр “будчихна” гэдэг магадлалын хувьд бага байх аа.