Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, Тасганы овооны ойролцоо байх “Синчи ойл” шатахуун түгээх станцын түгээгч рүү согтуу цагдаа буу тулгасан хэрэг өчигдөр 19.30 цагт гарсан байна.Тодруулбал, автомашины арын суудалд цагдаагийн хувцастай алба хаагч шатахуун түгээгчийг “бензин хурдан хий, хурдан үйлчил” зэргээр айлган буу тулгажээ. Энэ дагуу түгээгч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд дуудлагаар шуурхай эргүүлийн алба хаагч нар хоёр автомашинтай ирж, мэдүүлэг авч ажилласан байна. Эргүүлийн цагдаагийнхныг ирэх үед согтуу цагдаа явчихсан байсан бөгөөд түүнийг баривчлах, мэдүүлэг авах шалгалтын ажиллагаа явагдаж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээллээр тухайн цагдаа нь Тээврийн цагдаагийн алба хаагч байсан гэх мэдээлэл байна.