УИХ-ЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭЭЛТ БОЛНО

0
371

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.
  2. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
  3. 12.00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт болно.

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр 12.00 цагт нээлтээ хийнэ.  “COVID-19” халдвараас сэргийлэх зорилгоор УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит чуулганыг цахимаар зохион байгуулах шийдвэр гаргасны дагуу УИХ-ын Тамгын газар бэлтгэлийг хангаж байна. Чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, нэгдсэн хуралдаан болон байнгын хороо, ажлын багийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна УИХ-ын гишүүдийг зайнаас оролцох боломж бүрдүүлэх юм. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цуглуулахгүй байхаар зохион байгуулна.

Хуралдааныг цахимаар зохион байгуулахад УИХ-ын гишүүд ирцээ бүртгүүлэх, санал өгөхөөс эхлээд хуулийн зөрчил үүсэх магадлалтай юм. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 1-нд өргөн барьсан. Уг төсөлд халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд биечлэн оролцох боломжгүй боловч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн УИХ-ын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох боломж бүрдүүлэхээр тусгасан байна. Ирц, санал хураалтад оролцсон гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг хэлэлцсэн асуудлын хувийн хэрэгт хавсаргаж баталгаажуулахаар зохицуулалт оруулжээ. Харин онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан нөхцөл байдлаас бусад үед уг дэгээр асуудал хэлэлцэхгүй аж.

Хаврын чуулганы хэлэлцэх асуудлууд

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  2. “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
  3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
  4. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  5. “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  6. Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 
  7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  8. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
  9. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  10. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  11. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  12. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  13. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  14. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  15. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  16. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл; 
  17. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  18. Бусад асуудал