Нийгэм Ө.Энхтүвшин: Өнөөдрийн нислэгээр хамгийн эрсдэлтэй хүмүүс ирлээ

Ө.Энхтүвшин: Өнөөдрийн нислэгээр хамгийн эрсдэлтэй хүмүүс ирлээ

Улсын Онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.04.03/ ээлжит мэдээллээ хийлээ.

Гадаадад байгаа иргэдээ татан авахын тулд өнгөрсөн хугацаанд нийтдээ найман онгоц нисгэжээ. Ес дэх онгоцыг хүлээн авах ажиллагааг үргэлжлүүлж байна гэдэг мэдээллийг албаныхан өглөө. Ес дэх тусгай үүргийн онгоц дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэл рүү нислэг үйлдэх аж.

Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр 266 зорчигч ирсэн бол нисэх багийн долоон гишүүн яг одоо бууж байна. Бүгдийг тусгаарлах байранд 21 хоногийн хугацаанд байлгана.

Тусгай үүргийн онгоцыг хүлээн авахад 126 албан хаагч оролцож байна. Цагдаа, онцгой, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв,  Авто тээврийн үндэсний төвд үйлчилгээ үзүүлдэг компаниуд, мөн сувилал, зочид буудлаар үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлүүд хамтран ажиллаж байна гэдэг мэдээллийг албаныхан өглөө.

“Баянхангай” амралтын газарт тусгаарлагдсан хүмүүс төлбөрөө төлөхгүй, улс даах ёстой гэсэн шаардлага тавьсан байна. Тиймээс нэрс гаргажээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин:

АНУ-д нэг өдрийн дотор 29784 хүн энэ өвчний халдвараар өвдсөн бол Италид  4668, Германд 6813, Францад 2116. Нас баралт маш өндөр байна.Чандарлах газар нь ачааллаа дийлэхээ больсон тухай мэдээлж байна. Европ, АНУ-д улам хурдацтай хүрээгээ тэлж байна, тийм учраас манайд байдал амаргүй байна гэсэн үг. Дэлхийн улсууд бүгдээрээ холбогдсон, даяарчлагдсан. Бусад улсуудад тархалт намжсан цагт Монголд намжина.

Эх орондоо ирье гэсэн тоо 3000 байсан бол өнөдөөр 6100 болсон. Цаашдаа улам нэмэгдэх хандлагатай байна. 47 орноос ирэх хүсэлт гаргасан. Тэр орнуудад байдал амаргүй болсон учраас манай иргэдэд маш хүнд байна. Ажилгүй болсон, байрандаа хашигдсан. Азийн хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэл маш хүнд байна.

Дэлгүүрт орж болохгүй, гадагшаа гарч болохгүй, хүүхдээ салхилуулж болохгүй учраас эх орондоо ирье гэдэг хүсэлт тавьж байна.

Бид иргэдээ Япон улсад байхад нь оношлох хүсэлт тавьсан ч Японы тал хүлээн зөвшөөрөөгүй. Япон улсын Элчин сайдын яамнаас ирүүлсэн албан бичигт “Японы нутаг дэвсгэрт оношилгоо үзүүлэх үйлчилгээ үзүүлэх боломжгүйг мэдэгдье” гэсэн. Япон улс дахь Монголын Элчин сайдын яаманд иргэддээ оношилгоо хийлгэх боломжтой юу гэсэн хүсэлт тавьсан, бас хүлээн зөвшөөрөөгүй.

Өнөөдрийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 266 зорчигчийн 56 нь дамжин ирлээ. АНУ-д суралцаж байсан оюутнууд, мөн Европын орноос иргэд дамжин ирсэн. Эрсдэлтэй бүс нутгаас ирж байгаа иргэдээ хамгийн тэргүүнд яаралтай шинжилгээнд оруулна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлана. Бүх иргэдээ оношилгоонд оруулна. Хэд, хэдэн оношилгоонд оруулж байж, 21 хоногийн тусгаарлалтаас гаргах эсэхийг шийднэ.  Бүх зүйл хяналтад байна.

-Таны хүүхэд тусгай үүргийн нислэгээр ирсэн гэдэг мэдээлэл үнэн үү?

-Түрүүчийн нислэг болох 1000 хүний дотор хүү маань ирсэн. Москва- Берлиний нислэгээр ирсэн.  АНУ-д сурдаг хүүхэд. Энэ нислэгээр 231 зорчигч ирсэн, 20 орчим суудал зорчигчгүй дутуу ирсэн. Хэн нэгний оочер дайрсан асуудал байхгүй. Хэн ч гэсэн хүрээд ирлээ гэхэд даргын хүүхэд учраас цаашаа бай гэж хэлэхгүй байх, би бол чадахгүй. Төлбөрөө төлсөн байх ёстой, хүний дугаарыг дайрах ёсгүй, онгоцон дотор хууль зөрчсөн үйлдэл гаргаж болохгүй, арын хаалга ашиглаж болохгүй. Тийм л шаардлага тавина.

“Токиогийн нислэгээр ирсэн зорчигчид шинжилгээ өгөх боломжгүй байсан”

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

Өнөөдрийн байдлаар дэлхийн 45 улс, бүс нутагт Монгол Улсын 6154 иргэн нутаг буцах хүсэлтээ Элчин сайдын яамдад ирүүлээд байна. Үүнээс бага насны хүүхэд 731, эрүүл мэндийн шалтгаантай 71, ахмад настан 226, жирэмсэн 26, богино хугацааны визийн хугацаа дуусах эрсдэлтэй 135, байрны асуудалд орж байгаа 374, оюутан 585, санхүүгийн хүндрэлд орж буй гэдгээ мэдэгдсэн 54, бусад шалтгаанаар буцах хүсэлтэй 3904 гэсэн тоон мэдээлэл байна.

Өнөөдөр эх орондоо  ирээд буй тусгай үүргийн онгоцоор Индонез улсад тэмцээнд оролцоод ирэх боломжгүй байсан гурван хүүхдээс гадна нийт есөн бага насны хүүхэд ирсэн. Япон улсын урилгаар очсон паралимпийн тамирчид энэ удаагийн нислэгээр ирэх боломжийг олгосон ч дараагийн нислэгээр ирэх боломжтой гэдгээ холбооны ерөнхийлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн. Токиогийн нислэгээр ирж буй 266 зорчигчийн хувьд шинэ коронавирусийн шинжилгээ өгөх боломжгүй байсан учраас нэг ч иргэн шинжилгээнд хамрагдаагүй. Бид өнөөдрийг хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн яамнаас тавьсан шаардлагыг ижил тавьсан ч Японы талын шаардлагаар 37.5 хэмээс дээш халуураагүй иргэнээс ямар нэгэн шинжилгээ авахгүй гэдгээ мэдэгдсэн. Дараагийн нислэг дөрөвдүгээр сарын 8-нд ниснэ. Тусгаарлах байрандаа иргэдийг хүлээн авахаар бэлдсэн.

“Өмнөх нислэгээр ирсэн иргэдээс найман нь төлбөрөө төлөөгүй байна”

Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа н.Гантөмөр:

Манай алба тусгаарлагдсан иргэдийн байрны төлбөр тооцоог хийх чиглэлийн ажлыг хариуцан ажиллаж байгаа. Манай багт Сангийн яамны алба хаагчид оролцон ажиллаж байна. Энэ хугацаанд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой зардлуудыг гаргасан. Онцгой байдлын ерөнхий газраас 730.6 сая төгрөгийг Шадар сайдын багцаас энэ хугацаанд зарцуулсан.

Мөн бид хандивын дансны хөрөнгийг хариуцаж байгаа. Одоогийн байдлаар 2 тэрбум 530 сая төгрөгийг хандивын хөрөнгөд цугларсан. Үүнээс мөнгөн хэлбэрээр 2 тэрбум 235.8 сая төгрөг, бараа материал бусад эд зүйлсийн хандив 294.5 сая төгрөг болсон. Энэ хандивын хөрөнгөтэй холбоотойгоор Шадар сайдын хэд хэдэн тушаал гарсан. Үүнтэй холбоотой төлбөр тооцоог бид хийж, ажиллалаа. Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 240 сая төгрөг, МХЕГ-т 150 сая төгрөг, ЦЕГ-т 100 сая, Хил хамгаалах ерөнхий газарт 100 сая төгрөг, ОБЕГ-т 150 сая, Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаанд 139.4 сая төгрөг, Цэргийн оёдлын үйлдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий  газрын харьяа 407, 409 дүгээр хорих ангиудаас 85 мянган ширхэг амны хаалтын худалдан авч, яам агентлагуудад хуваарилснаар нийт 964.4 сая төгрөг болсон.

Тусгай үүргийн онгоцоор гуравдугаар сарын 16-19-ний өдрүүдэд Япон, БНСУ, Герман, Турк улсаас дөрвөн удаагийн нислэгээр 983 иргэн ирсэн. Эдгээр иргэдийг 10 эмнэлэг, сувилал, зочид буудлуудад байрлуулсан. Эдгээр иргэд ОБЕГ-ын дансанд 770 сая төгрөгийг тушаасан. Одоо найман иргэдийн төлбөр дутуу байгаа. Бид одоогийн байдлаар найман байгууллагад 460.1 сая төгрөгийн төлбөрийг шилжүүлээд байна. Өнөөдөр ирж буй Токиогийн нислэгээр ирсэн иргэд бүгд 21 хоног тусгаарлагдах байрныхаа төлбөрийг бүрэн төлөөгүй байгаа. Зарим нь янз бүрийн учир шалтгааныг хэлж байна.

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна