Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятадаар ярьж буй мэт хуурамч бичлэгийг түгээсэн Б.Мөнхбат, Д.Алтанбаатар нарыг “Худал мэдээлэл тараасан” хэргээр яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖуншина уу.
Тэгвэл тухайн иргэдийг энэ сарын 5 /2024.01.05/-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангиас суллаж, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан” яллагдагч Б.Мөнхбат, Д.Алтанбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22 /2023.12.23/-ны өдөр сунгаж шийдвэрлэсэн байдаг.
Харин тэдний өмгөөлөгч нар уг шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандсанаар яллагдагч Б.Мөнхбат, Д.Алтанбаатар нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 5-ны өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятадаар ярьж буй мэт хуурамч бичлэгийг түгээсэн хэргээр яллагдагчаар татагдаад буй Д.Алтанбаатар нь БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орны “Одон” телевизийн Соёл урлагийн хөгжлийг дэмжих “Андгай” ТББ-ын тэргүүнээр ажилладаг бол Б.Мөнхбат нь “LIKE HD” FM 102.1-д захирал ажилтаa нэгэн ажээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа өдгөө үргэлжилж байгаа юм байна.