Энэ долоо хоногт HIMARS пуужингийн системийг ашигласан АНУ-Японы зэвсэгт хүчний хамтарсан цэргийн сургуулилалт ОХУ-ын хилийн ойролцоо бүс нутагт зохион байгуулагджээ.
HIMARS (High Mobility Artillery Rocket System) бол АНУ-д бүтээсэн орчин үеийн, өндөр нарийвчлалтай пуужингийн артиллерын систем бөгөөд одоо Украинд олноор нийлүүлэгдэж, Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тулаанд үр дүнтэй ашиглагдаж байгаа гэдэг.
Энэ сургуулилалттай холбоотойгоор ОХУ-ын гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж, тус улс дахь Япон улсын элчин сайдын яаманд эсэргүүцэл илэрхийлжээ.
“Бид уг цэргийн сургуулилалтыг манай улсын Алс Дорнодын бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж үзээд ийм үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна. ОХУ руу чиглэсэн аюул заналыг хаахын тулд зохих хариу арга хэмжээ авах нь зайлшгүй болохыг Японы талд анхаарууллаа” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Украинд дайн эхэлсний дараа Өрнөдийн орнуудын ОХУ-ын эсрэг зарласан хориг арга хэмжээнүүдэд Япон улс анхнаас нь нэгдсэн юм.
Сүүлийн үед хоёр улсын харилцаа эрчимтэй муудаж байгаа. Тухайлбал саяхан Оросын эрх баригчид тус улсын Владивосток хот дахь Японы консулыг тагнуулын ажиллагаа явуулсан шалтгаанаар хөөсөн юм.
Эх сурвалж: Reuters