Тайвань аралтай дипломат харилцаатай дэлхийн цөөхөн улсуудын нэг нь Өмнөд Америкийн Парагвай юм.
Сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчдын явуулж буй идэвхтэй гадаад бодлогын улмаас Тайванийн түнш орнууд эх газрын Хятад руу харилцаагаа шилжүүлэх явдал нэмэгдэж байгаа.
Тэгвэл Парагвай улсын ерөнхийлөгч Марио Абдо Бенитез саяхан Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа Тайванийн стратегийн түнш байсныхаа төлөө ямар бодитой үр ашиг хүртэж байгаагаа эргэж харах болсон тухай өгүүлжээ.
“Өөртэй нь дипломат харилцаагүй орнуудад Тайванийн хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ $6 тэрбум гаруйд хүрсэн байна. Тэгвэл бид үүнийхээ $1 тэрбумыг Парагвайд зориулах хүсэлт тавьж байгаа. Энэ нь Тайванийн стратегийн түнш болсны ач холбогдлын талаарх маргааныг шийдвэрлэхэд туслах юм” гэж Бенитез ярьсан байна.
Өнөөдрийн байдлаар Тайвань арлын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон 14 улс үлдээд байгаа.
Тэдгээрийн ихэнх нь Латин Америк болон Номхон далайн арал улсууд юм.
Бээжингийн нөлөө нэмэгдэхийн хэрээр тэдний тоо буурч байгаа. Сүүлийн жилүүдэд Соломоны арлууд, Панам, Эль Сальвадор, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Никарагуа улсууд Тайваниас дипломат харилцаагаа тасалж, эх газрын Хятадтай түншилсэн юм.
Парагвай улсын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ $39 тэрбум. Үүний 30 хувь нь хөдөө аж ахуйн салбараас бүрддэг байна.
Цар тахлын дараах хүнд цаг үед Парагвайн үндэсний үйлдвэрлэгчид Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүй байгаа нь том асуудал болохыг Бенитез ярилцлагадаа онцолжээ.
Эх сурвалж: The Guardian