Энэ оны сүүлээр болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) Дани улсын тамирчид зохион байгуулагч орон Катарын хүний эрхийн нөхцөл байдлыг шүүмжилсэн агуулгатай өмсгөлтэй оролцохоор болжээ.
Тус улсын үндэсний шигшээ баг уламжлалт улаан болон цагаан өнгийн өмсгөлөөс гадна хар өнгийн гурав дахь сонголттой оролцохоор болсныг өмсгөлийг үйлдвэрлэгч Hummel компани өчигдөр мэдээлсэн байна.
Хар өмсгөлийг “гашуудлын өмсгөл” гэж нэрлэсэн Hummel мэдэгдэлдээ “Бид Дани улсын үндэсний шигшээ багийг дэмжихдээ олон мянган хүний амиар зохион байгуулагдаж буй тэмцээнийг дэмжээгүйгээ давхар илэрхийлж байгаа юм” гэжээ.
Персийн булангийн баян улс Катар хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад асар их хөрөнгө зарсан юм. Ингэхдээ гадаадын ажиллах хүчийг ихээр ашигласан ба тэдний амьдрах орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал маш муу байсан гэдэг. Зөвхөн ДАШТ-ий тоглолтууд болох стадионуудыг босгоход 30,000 орчим цагаач ажилчин авч байжээ. Тэдгээрийн ихэнх нь Энэтхэг, Бангладеш, Балба, Филиппин зэрэг Азийн орнуудын иргэд юм.
2021 онд Эмнести Интернэшнл байгууллага эдгээрээс 6,500 ажилчин ослоор амиа алдсан тухай мэдээлж байжээ. Мөн зарим хэсгийн хөдөлмөрийг мөлжиж, цалин хөлсийг багаар тооцож байсан гэх мэдээлэл бий.
Катарын эрх баригчид уг мэдээллийг эрс няцаадаг юм.
Дани улсын шигшээ баг чансаагаараа дэлхийд 10 дугаарт эрэмбэлэгдэж байгаа. Өнгөрсөн онд Европын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ шатанд шалгарч байв. Данийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д Франц, Австрали, Тунис улсуудтай нэг хэсэгт багтжээ.
Эх сурвалж: Reuters