Орос улс Украинд халдан довтлох гэж байгааг урьдчилан мэдэж чадаагүй шалтгаанаар Франц улсын засгийн газар тус улсын цэргийн тагнуулын албаны дарга, генерал Эрик Видог огцруулсан тухай албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.
Өмнө нь Францын тусгай хүчний командлагч байсан Видо уг албан тушаалд томилогдоод долоон сарын хугацаа өнгөрч байжээ.
АНУ-ын тагнуулын албаныхан Украинд дайн эхлэх гэж байгааг урьдчилж анхааруулсан бол Франц улсын тагнуулынхан үүнийг магадлал багатай гэж үзэж байсан юм.
Видо огцорсон талаар тодруулга авахаар хэвлэлүүд Францын зэвсэгт хүчний командлагч генерал Терри Буркардад хандахад тэр мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Гэхдээ тэр гуравдугаар сарын эхээр өгсөн ярилцлагадаа Францын тагнуулын алба АНУ, Их Британийн албадын түвшинд ажиллаж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрч байжээ.
“Оросууд халдан довтлох гэж байгааг Америкчууд анхааруулж байсан нь зөв байжээ. Харин манай албаныхан эзлэн түрэмгийлэл Оросын талд маш их өндөр зардалтай тул өөр хувилбар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл өгч байв” гэж Букард тэр үед “Le Monde” сонинд ярьж байсан юм.
Украинд дайн эхлэхээс өмнөхөн Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй олон удаа утсаар ярьж байв. Хэдий тийм боловч Францын тал дайн гарах эрсдэлийг зөв тооцоолоогүй нь ичгүүртэй хэрэг болж байна.
Гэхдээ генерал Видог огцруулах өөр шалтгаанууд ч байсан гэж Францын албаны эх сурвалжууд мэдээлжээ. Тухайлбал өнгөрсөн онд Австрали улс Францаас шумбагч хөлөг онгоц худалдаж авах гэрээгээ цуцалж, оронд нь АНУ, Их Британитай хамтран ажиллах болсныг урьдчилж мэдээгүйд түүнийг бас буруутай гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC