Бельги-Британийн давхар иргэний харьяалалтай Зара Рутерфорд өчигдөр Бельгийн Кортрик Вевелгэм нисэх буудалд бага оврын нисэх онгоцоо амжилттай газардуулснаар дэлхийг ганцаараа тойрсон 52,000 км-ийн урт аяллаа өндөрлөжээ.
19 настай энэ бүсгүй таван тивийн 31 улсын газар нутгийг дайрсан аяллаараа хамгийн залуудаа дэлхийг агаараар ганцаарчилж тойрсон эмэгтэй болж байна.
Тэрбээр газардсаныхаа дараа аяллынхаа хамгийн сайхан болон хүнд хэцүү дурсамжуудын талаар сэтгүүлчдэд ярьжээ.
“Аяллын хамгийн хэцүү хэсэг нь Сибирийн дээгүүр нисэх байлаа. Газар дээрх агаарын температур Цельсийн -35 байсан. Хэрвээ хөдөлгүүр маань зогссон бол би амьд гарч чадах байсан эсэхээ мэдэхгүй байв” гэж Зара ярьсан байна.
Түүний эцэг эх нисгэгчид бөгөөд бага байхаас нь хөнгөн онгоцоор хамт нисдэг байжээ.
Зара 14 настайдаа нисэх онгоц жолоодож сурсан ба тэр үеэс хойш дэлхийг тойрох тухай мөрөөддөг болсон байна.
Ингээд өнгөрсөн оны наймдугаар сарын 18-ны өдөр тэр хоёр хүний суудалтай Shark Aero онгоцоор аялалд гарч байжээ. Shark Aero нь цагт 300 км хүртэл хурдалдаг, дэлхийн хамгийн өндөр хурдтай хөнгөн нисэх онгоц юм.
Зара баруун зүгт аяллаа эхэлж, Их Британи, Гринланд, умард, өмнөд Америк тивүүд, Орос, зүүн өмнөд Ази, Энэтхэг, Ойрх Дорнод, Египетээр дайраад Европ тивд буцаж иржээ.
Онгоц нь зөвхөн өдрийн цагаар, тэнгэр цэлмэг байхад нисэх зориулалттай тул цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан олон удаа саатаж байсан гэнэ.
Тухайлбал цасан шуургыг өнгөрөөхийн тулд тэр Оросын Магадан хотод долоо хоног саатаж байжээ. Мөн Оросын алс дорнодын 800 оршин суугчтай Аяан хэмээх жижиг хотод гурван долоо хоног саатсан байна.
Энэ хотод англи хэлээр ярьдаг ганц ч хүнгүй, интернэт сүлжээгүй байсан ч нутгийн хүмүүс найрсаг, нөхөрсөг байсныг Зара ярьжээ.
Эх орондоо ирсэн Зара одоо цахилгааны инженерийн мэргэжил эзэмшиж, цаашдаа сансрын нисгэгч болох зорилго тавьсан байна.
Зара Рутерфордын багаасаа үлгэр жишээ болгож ирсэн хүмүүс нь Америкийн анхны эмэгтэй нисгэгч Амелиа Эрхарт, Зөвлөлтийн сансрын нисгэгч Валентина Терешкова нар ажээ.
Эх сурвалж: The Guardian