Омикрон гэж юу вэ? Та гэр бүлээ хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
Дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс КОВИД-19 цар тахлын Омикрон хувилбарын тархалтад санаа зовниж байна. Энэхүү шинэ хувилбарын талаарх олон улсын эрдэмтдийг гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг НҮБ-ын Хүүхдийн сангийн нэгтгэснийг орчуулан хүргэж байна.
КОВИД-19 цар тахлын талаарх нэмэлт мэдээлэл болон эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөмжийг COVID-19 guide for parents линкээс авах боломжтой.
ОМИКРОН ХУВИЛБАР ГЭЖ ЮУ ВЭ?
КОВИД-19-ийн Омикрон хувилбар нь түүний төлөв байдалд нөлөөлж болзошгүй хэд хэдэн мутацтай гэсэн нотолгоонд үндэслэн ДЭМБ нь тус хувилбарыг “Анхаарал хандуулах шаардлагатай хувилбар” гэж үзсэн. Омикроны талаар баталгаатай мэдээлэл, тоо баримт байхгүй хэвээр байгаа бөгөөд халдварлах чадвар, хүндрэл үүсгэх байдал, дахин халдварлуулах эрсдэл зэргийг нь үнэлэхийн тулд одоогийн байдлаар цөөнгүй тооны судалгаа хийгдэж байна.
ОМИКРОН ХУВИЛБАР ХЭРХЭН ҮҮСЭН БИЙ БОЛСОН БЭ?
Вирус өргөн хүрээнд тархаж, халдварын тоо нэмэгдэх тусам мутацад орох магадлал ихэсдэг. Вирус тархах боломж хэдий чинээ их байна, мутацад орох боломж төдий чинээ нэмэгдэнэ.
Омикрон гэх мэт шинэ хувилбарууд нь КОВИД-19 цар тахал нь дуусах болоогүй байгааг илтгэж байна. Тиймээс хүмүүс боломжтой үедээ вакцин хийлгэж, хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, гэр доторх агаарын сэлгэлтийг сайн хийх зэргээр вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг цаг үргэлж дагаж мөрдөж байх нь чухал юм.
Вакцин болон нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээ нь олон нийтэд хүртээмжтэй байх нь маш чухал. Африкийн бага орлоготой улс орнуудад вакцины хүртээмжийн тэгш бус байдал нь КОВИД-19-ийн тархалтад сөргөөр нөлөөлж байна. Вакцины нийлүүлэлт хангалттай байгаа улс орнууд эдгээр улсуудад амласан тунгаа яаралтай хүргэх шаардлагатай байна.
ЯМАР УЛС ОРНУУДАД ОМИКРОН ХУВИЛБАР ТАРХААД БАЙНА ВЭ?
Одоогийн байдлаар Омикрон хувилбар нь дэлхийн ихэнх оронд бүртгэгдээд байна.
ОМИКРОН ХУВИЛБАР НЬ КОВИД-19-ИЙН БУСАД ХУВИЛБАРУУДААС ИЛҮҮ ХӨНӨӨЛТЭЙ ЮУ?
Халдвар ихэссэнээр эмнэлэгт хэвтэх тохиолдол ихэснэ. Энэ өсөлт нь эрүүл мэндийн тогтолцоонд дарамт учруулж, улмаар илүү олон нас баралтад хүргэж болзошгүй юм.
КОВИД-19-ийн Дельта гэх мэт бүх хувилбарууд нь дэлхий даяар тархсан бөгөөд аль ч хувилбар нь хүнд хэлбэрээр өвдөх, үхэлд хүргэж болзошгүй тул вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, вируст өртөх эрсдэлийг бууруулах нь маш чухал гэдгийг санаж байх хэрэгтэй.
Дельта хувилбарын талаарх мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.
ОМИКРОН ХУВИЛБАРЫН ХАЛДВАРЛАХ ЧАДВАР ИЛҮҮ ЮУ?
Тийм ээ, Омикрон хувилбар нь өмнөх хувилбаруудаас халдварлах чадвар нь илүү байдаг. Гэсэн хэдий ч вакцинд хамрагдах, хүн ам ихтэй газраас зайлсхийх, бусдаас зайгаа барих, амны хаалт зүүх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь COVID-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Түүнчлэн эдгээр арга хэмжээ нь бусад хувилбаруудын эсрэг үр дүнтэй байсан юм.
Бусад арга хэрэгслүүдийн талаарх мэдээллийг ЭНЭ холбоосоос авна уу.
ОМИКРОН ХУВИЛБАРЫН ХУВЬД ӨӨР ӨӨР ШИНЖ ТЭМДГҮҮД ИЛЭРДЭГ ҮҮ?
Омикрон нь КОВИД-19-ийн бусад хувилбараас ялгаатай шинж тэмдэг үүсгэдэг гэсэн мэдээлэл алга байна.
КОВИД-19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИН ОМИКРОН ХУВИЛБАРЫН ЭСРЭГ ҮР ДҮНТЭЙ ЮУ?
Судлаачид Омикрон хувилбар нь КОВИД-19 вакцины үр нөлөөтэй байдалд үзүүлэх аливаа нөлөөллийг судалж байна. Хангалттай тоо мэдээлэл байхгүй байгаа ч хүндээр өвдөх, нас баралтын эсрэг үзүүлж байгаа вакцины үр нөлөөг бага зэрэг сулруулж, халдвараас урьдчилан сэргийлэх үр дүнг бага зэрэг бууруулах магадлалтай. Гэхдээ ДЭМБ-ын мэдээлснээр одоо хэрэглэгдэж байгаа вакцинууд хүндээр өвдөх, нас баралтаас сэргийлж чадвартай хэвээр байсаар байна.
Дельта гэх мэт өргөн тархсан бусад хувилбараас хамгаалахын тулд вакцинжуулалтад хамрагдах нь хамгийн үр дүнтэй арга юм. Танд вакцин хийлгэх боломж байгаа бол вакцинаа заавал хийлгээрэй. Хэрэв таны хийлгэж байгаа вакцин нь хоёр тунт вакцин бол хамгаалалтыг хамгийн өндөр байлгахын тулд бүрэн тунгаар хийлгэх нь чухал юм.
КОВИД-19-ийн эсрэг вакцины талаарх мэдээлэл болон вакцин хийлгэхээс өмнө, хийлгэх үед, мөн дараа нь ямар арга хэмжээ авах талаар ЭНЭ болон ЭНЭ холбоосоос авна уу.
ӨМНӨ НЬ КОВИД-19-ИЙН ХАЛДВАРААР ӨВДСӨН БОЛ ОМИКРОН ХУВИЛБАРЫН ЭСРЭГ ХАМГААЛАХ УУ?
ДЭМБ-ын мэдээлснээр өмнө нь тархсан Дельта гэх мэт бусад хувилбаруудтай харьцуулахад Омикрон нь өмнө нь КОВИД-19-ийн халдвар авч өвдөж байсан тохиолдолд дахин халдварлах магадлалтай байж болохыг нотлох баримтуудаас харж болно. Хангалттай тоо мэдээлэл байхгүй хэвээр байгаа бөгөөд шинэ мэдээ, мэдээлэл гарсан үед нь бид цаг алдахгүй хуваалцах болно.
ОДОО ХЭРЭГЛЭГДЭЖ БАЙГАА КОВИД-19-ИЙН ОНОШЛУУР НЬ ОМИКРОН ХУВИЛБАРЫГ ОНОШИЛЖ ЧАДАХ УУ?
Өргөн хэрэглэгддэг ПГУ болон эсрэг биет дээр суурилсан түргэвчилсэн оношлуурууд нь Омикрон зэрэг КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх бүрэн боломжтой.
ХҮҮХДҮҮД ОМИКРОН ХУВИЛБАРААР ХАЛДВАРЛАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙДАГ УУ?
Омикроны халдвар дамжуулах чадварыг судлах судалгаа үргэлжилж байгаа бөгөөд нэмэлт мэдээлэл гарах тусам бид шинэчлэх болно. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, олон хүмүүстэй харьцаж байгаа хүмүүс болон вакцинд хамрагдаагүй хүмүүс КОВИД-19-ийн халдвар авах эрсдэл өндөртэй хэвээрээ байна.
БИ ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ОМИКРОН ХУВИЛБАРААС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
Таны хийж чадах хамгийн чухал зүйл бол вируст өртөх эрсдэлийг бууруулах явдал юм. Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд дараах зүйлийг хийх хэрэгтэй.
- Хамар, амыг тагласан маск зүүх. Маскаа зүүж, авахдаа гараа цэвэрхэн байлгах.
- Хүн хоорондын зай 1 метрээс багагүй байх.
- Агааржуулалт муутай, хөл хөдөлгөөн ихтэй газраас зайлсхийх.
- Дотор байрны агааржуулалтыг сайжруулахын тулд цонхоо онгойлгох.
- Гараа тогтмол угаах.
- Вакцинд хамрагдах боломжтой бол вакцинд хамрагдах. ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн КОВИД-19-ийн эсрэг вакцин нь аюулгүй бөгөөд үр дүнтэй.
Гэр бүлд зориулсан амны хаалт хэрэглэх талаарх мэдээллийг ЭНЭ холбоосноос авна уу.
БИ ОМИКРОН ХУВИЛБАР БОЛОН БУСАД КОВИД-19-ИЙН ХУВИЛБАРУУДЫН ТАЛААР ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ХЭРХЭН ЯРИЛЦАХ ВЭ?
КОВИД-19 ба одоо тархаж буй Омикрон хувилбарын тухай мэдээг бид өдөр тутам сонсож байгаа бөгөөд сониуч бяцхан хүүхдүүд энэ талаар маш олон асуулт асуух нь зүйн хэрэг.
Хүүхдэд тайлбарлахдаа хэцүү сэдвийг энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлахад туслах хэдэн зөвлөмжийг санал болгож байна. Үүнд:
- Хүүхэд юу болж байгааг мэдэх эрхтэй ч тэдний насны онцлогт тохирсон байдлаар тайлбарлах хэрэгтэй.
- Хүүхдээ өөрсдийг сонссон зүйлээ хуваалцаж, тэдний өгөх хариултыг сонсох. Хүүхдээ бүрэн ойлгож, айдас, түгшүүр байгаа бол анхааралтай сонсох, анхаарал хандуулах. Цар тахлын талаарх ташаа мэдээлэл нь хүн бүрд айдас түгшүүр, эргэлзээ төрүүлдэг учраас тэвчээртэй байгаарай.
- Та өөрөө хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй байгаа эсэхээ шалгаарай. НҮБ-ын Хүүхдийн Сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын вэб сайтууд нь цар тахлын талаар мэдээллийн баталгаатай эх сурвалж болдог.
- Хэрэв та хүүхдийнхээ асуусан асуултын хариултыг мэдэхгүй байгаа бол таах гэж бүү оролдоорой. Хариултыг хамтдаа судлах боломж болгон ашиглах.
- Хүүхдүүд насанд хүрэгчдийнхээ сэтгэл хөдлөлийг мэдэрч байдаг гэдгийг санаарай. Тиймээс та бяцхан үрсийнхээ төлөө санаа зовж байгаа мөн хүүхдэд тань сэтгэл санааны хувьд тавгүй байж магадгүй гэж санаа зовж байгаа ч өөрийн айдас, түгшүүрээ хүүхэдтэйгээ хуваалцахгүй байхыг хичээгээрэй.