Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” өнгөрсөн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр олон нийтэд танилцуулагдаж, нэг жилийн хугацаанд 1.9 сая хэрэглэгчтэй, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн.
Тэгвэл тус систем нь нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд өнөөдөр /2021.10.01/ нэвтрүүллээ.
“e-Mongolia” шинэчлэгдсэн хувилбарт иргэн бүрт Digital ID үүснэ. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх цахим хэлбэрт шилжив. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй.
Мөн шинэчлэгдэж буй “e-Mongolia” -с иргэн та өөрийн зээлийн мэдээлэл, үнэт цаас/ хувьцаа болон нийгмийн даатгалын мэдээллээ ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр шууд харах боломжтой.
Үүний зэрэгцээ, тухайн иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө зэрэг төрд буй таны мэдээлэл “e-Mongolia” -ийн шинэчилсэн хувилбарт оржээ.
Эх сурвалж: Shuud.mn