Дэлхий Афганистаны ерөнхийлөгч Кабулаас дөрвөн машин дүүрэн бэлэн мөнгөтэй зугтсан...

Афганистаны ерөнхийлөгч Кабулаас дөрвөн машин дүүрэн бэлэн мөнгөтэй зугтсан тухай мэдээлжээ

АНУ-ын талыг баримтлагч Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани өнгөрсөн Ням гарагт Талибан хөдөлгөөнийхөн Кабулыг эзлэхтэй зэрэгцэн эх орноосоо дүрвэсэн билээ.

Тэрбээр нисдэг тэргээр хөрш Тажикистан улсад очсон мэдээлэл байна.

Гани Кабулаас дөрвөн автомашин дүүрэн бэлэн мөнгөтэй явсан ба бүх мөнгө нь нисдэг тэргэнд багтаагүй тул зарим хэсгийг нисэх буудалд орхисон тухай Афганистан дахь ОХУ-ын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Никита Ищенко РИА Новости агентлагт мэдээлжээ.

“Дөрвөн машиныг бэлэн мөнгөөр дүүргэсэн байсан. Бүх мөнгө нисдэг тэргэнд багтаагүй тул заримыг нь нисэх буудлын талбайд орхиод явсан” гэж тэр ярьсан байна.

Ищенко ямар эх сурвалжаас уг мэдээллийг авснаа дурдаагүй юм.

Ашраф Гани 2014 оны есдүгээр сард Афганистаны ерөнхийлөгчөөр сонгогдож, тус улсын түүхэнд анхны ардчилсан замаар сонгогдсон төрийн тэргүүн болж байв.

Өнгөрсөн хугацаанд тэр АНУ-ын засаг захиргаатай нягт түншилж, Афганистанд бараг нэг их наяд ам.долларыг татсан гэдэг.

АНУ-ын Брауны Их Сургуулийн судалснаар 2001 оноос хойш Вашингтоны эрх баригчид Афганистан, Пакистанд нийт $978 тэрбумыг зарцуулжээ.

Исламын радикал үзэлт Талибан хөдөлгөөнийхөн нийслэл Кабулыг эзэлж, 20 жил үргэлжилсэн Афганистаны дайн дууссаныг зарлаад байгаа.

Дэлхийн ихэнх улс орнууд Кабулаас элчин сайдын яамдаа татаж байна. Харин ОХУ-ын эрх баригчид Кабул дахь элчин сайдын яамаа хаах төлөвлөгөөгүй байгаа юм.

Даваа гарагт ОХУ-ын гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд Кабулын нөхцөл байдал тогтворжиж, Талибанчууд нийгэмд дэг журам тогтоож эхэлснийг мэдээлжээ.

Талибаны зэвсэгт дайчид Кабул дахь ОХУ-ын элчин сайдын яамыг хамгаалалтдаа авч, Оросын дипломатчдын “толгойноос ширхэг үс ч унагахгүй” гэсэн амлалт өгсөн тухай элчин сайд Дмитрий Жирнов мэдээлсэн байна.

Талибан хөдөлгөөн нь анх байгуулагдахдаа Афганистанд байрлаж байсан Зөвлөлт Холбоот Улсын цэргийг хөөн гаргах зорилготой байв. 1992 онд Талибанчууд Афганистаныг хяналтдаа авахад ОХУ элчин сайдын яамаа Кабулаас яаралтай нүүлгэж байжээ.

Хэдийгээр Талибаныг ОХУ террорист байгууллага гэж үздэг ч 30 жилийн дараа Москвагийн эрх баригчид Афганистаны нөхцөл байдалд илүү прагматик хандаж байна.

Өнөөдөр буюу Мягмар гарагт Кабул дахь ОХУ-ын элчин сайд Талибаны удирдлагуудтай уулзахаар болжээ.

Гэхдээ ОХУ-ын гадаад хэргийн яам Талибаны засгийн газрыг хүлээн зөвшөөрөх гэж яарахгүй байна. Талибанчуудын үйл ажиллагааг анхааралтай ажигласны дараа хүлээн зөвшөөрөх эсэхээ шийднэ гэсэн байр суурийг тус яам илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Russia Today, AFP

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна