Коронавирусийн Дельта хувилбарын тархалтын улмаас удахгүй АНУ-д өдөрт 200,000 орчим халдварын тохиолдол бүртгэгддэг болох эрсдэл тулгарсныг тус улсын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирал Ням гарагт анхааруулжээ.
Өнөөдрийн байдлаар тус улсад өдөрт дунджаар 129,000 халдварын шинэ тохиолдол нэмэгдэж байгаа. Энэ нь долдугаар сарын эхэн үетэй харьцуулахад 700 хувийн өсөлт бөгөөд ирэх сар хүрэхгүй хугацаанд 200,000 хүрэх өндөр магадлалтайг доктор Фрэнсис Коллинс өчигдөр Fox News сувагт ярьжээ.
Энэ оны нэг, хоёрдугаар сард буюу цар тахлын оргил үед АНУ-д өдөрт 200,000 давсан халдварын тохиолдол бүртгэгдэж байсан юм.
“Нэг, хоёрдугаар саруудад болсон шиг үзэгдэл наймдугаар сард болох ёсгүй байсан юм. Гэвч халдварлах өндөр чадвартай Дельта хувилбар болон вакцинжуулалтад хамрагдаагүй үлдсэн 90 сая орчим хүнээс болоод бид ийм эмгэнэлт байдалд дахин шилжих гэж байна” гэж Коллинс ярьжээ.
АНУ-ын засаг захиргаа энэ намраас вакцины гурав дахь тунд хүн амыг хамруулж эхлэх эсэхээ яаралтай шийдэх хэрэгтэй байгааг тэр бас хэлсэн байна.
Одоогоор Израйль улс вакцинжуулалтад хамрагдаад удсан 60-аас дээш насны иргэдээ вакцины гурав дахь тунгаар тарьж эхлээд байгаа.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засаг захиргаа эмзэг бүлгийн буюу дархлаа султай хүмүүсийг гурав дахь тунд хамруулах шийдвэр гаргасан юм.
Сүүлийн байдлаар АНУ-ын хүн амын 60 хувь нь вакцинжуулалтад ямар нэг хэмжээгээр хамрагдсанаас 51 хувь нь бүрэн хамрагдаад байна.
Эх сурвалж: Associated Press