Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа шинэ Ерөнийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлснээр дуусгавар болсон билээ.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд тангараг өргөхтэй зэрэгцэн Х.Баттулгыг Төрийн ордноос үдсэн юм.
Тэрбээр 2017 онд сонгогчдын олонхын санал авч Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний хувьд дахин сонгогдох боломжгүй болсон анхны Ерөнхийлөгч байв.
Учир нь Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын тулд нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгож, дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг 2019 онд шинэчлэн баталсан Үндсэн хуулиар хуульчилсан.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн ямар хангамж эдэлж, яаж хамгаалуулдаг талаар хуульд хэрхэн тусгасныг хүргэж байна.
Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан турш авна
Энэ талаарх зохицуулалтыг Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16.6-д дараах байдлаар тусгажээ. Тодруулбал, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн
- Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан турш авч
- 3 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж
- төрийн тусгай хамгаалалтад байх
Холбогдох хуулийн заалтыг үндэслэн Засгийн газрын хуралдаанаар тогтоол баталдаг. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн хангамж, хамгаалалтын талаар Засгийн газрын тогтоол баталж, түүнийг хамгаалах, цалинтай холбоотой зардлыг улсын төсөвт тусгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож байв.
Түүнчлэн өмнөх Ерөнхийлөгч болох П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нарт Засгийн газрын тогтоолоор Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалинг олгож, дөрвөн жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад авч байжээ