Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн уг гарлыг судлах ажлаа эрчимжүүлэхийг тагнуулын албададаа даалгажээ.
Тэрбээр энэ сарын эхээр уг судалгааны хамгийн сүүлд гарсан тайлантай танилцсан юм байна. Гэвч вирус яаж хүнд халдсан талаар тодорхой дүгнэлт сонсоогүй тул ийм даалгавар өгчээ.
“Коронавирусийн үүсэл гарлыг тодорхой болгохын тулд мэдээлэл цуглуулж, шинжлэх ажлаа эрчимжүүлэхийг би тагнуулын байгууллагуудадаа даалгалаа. Тэдэнд 90 хоногийн дотор үр дүнгээ танилцуулах хугацаа өгч байна” гэж Жо Байдены мэдэгдэлд өгүүлсэн байна.
Ингэхдээ тэр илүү нээлттэй хамтран ажиллахыг Хятадын талаас шаардахаа амлажээ.
Шинэ төрлийн коронавирус нь анх 2019 оны сүүлээр Хятадын Ухань хотод бүртгэгдэж байв.
Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл дэлхий даяар 168 сая орчим хүнд халдварлаж, 3.5 сая шахуу хүний аминд хүрээд байгаа билээ. Хэдийгээр магадлал бага ч гэсэн коронавирус лабораториос алдагдсан байх хувилбарыг бас судлахыг Байден тагнуулынхандаа даалгажээ.
Байдены хэлснээр АНУ-ын тагнуулын 18 байгууллагын хоёр нь коронавирусийг амьтнаас хүнд халдварласан, нэг нь лабораториос алдагдсан гэх дүгнэлт гаргасан ч аль аль нь өөрийн дүгнэлтдээ бүрэн итгэлгүй байгаа гэнэ.
“АНУ дэлхийн бусад улсуудын хамт бүх мэдээллээ ил тод болгож, дэлгэрэнгүй, нээлттэй, баримт дээр суурилсан олон улсын судалгаа явуулахад хамтарч ажиллахыг Хятад улсаас шаардах болно” гэж Байден хэлжээ.
Энэ оны эхээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шинжээчид коронавирусийн үүсэл гарлыг тогтоохоор Хятадад ажилласан ч хангалттай мэдээлэл цуглуулж чадаагүй юм.
Эх сурвалж: Associated Press