Иргэн М.Нарантуяа МАН-ын дарга У.Хүрэлсүхэд #metoo хөдөлгөөний үйл ажиллагаатай холбоотойгоор шаардлага хүргүүллээ.
Иргэн М.Нарантуяа “Ц.Анандбазар нь охид эмэгтэйчүүд болон тэдний бэлгийн халдашгүй байдал, ажлын байранд бэлгийн дарамт үзүүлж байсан гэх асуудалтай холбоотойгоор МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Өмнө нь илгээсэн албан бичгүүдийг хариуг авсан шаардлага хангахгүй байгаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн гэж мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэнийг хэлж, гэрчилж буй эмэгтэйчүүдийг илтэд басамжлан, доромжилж байна. Мөн хүчирхийлэл нь байх ёстой мэт, хохирлыг нь бензин туслах материалаар үнэлж болдог мэт асуудал дэвшүүлж байгаа нь УИХ-ын гишүүн, ард түмний элч болж ажиллаж буй хүний ёс зүйд яавч нийцэхгүй. Энэ бол олон охид эмэгтэйг басамжлан доромжилсон асуудал.
Иймд шаардлагадаа УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцож, УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэн хууль, хяналтын байгууллагад шалгуулахыг дэмжээсэй гэж хүссэн” гэлээ.
Түүнчлэн тэрбээр “Ц.Анандбазар нь МАН-ын томоохон санхүүжүүлэгч тул хариуцлага тооцож чадахгүй байна хэмээн хардах хүмүүс бий. Тиймээс Монгол Ардын Намын даргад нь хандахаас өөр арга алга. Намын дарга нь Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага хүлээлгэж чадахгүй юм бол ашиг сонирхлын зөрчил, хэлхээ холбоо байна гэж хардах үндэслэлтэй болж байгаа юм. Түүнчлэн дараа дараагийн арга хэмжээгээ авах болно.
#Metoo нь бэлгийн дарамтад өртөж буй, хохирогч болсон хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой. Энэ хөдөлгөөн нь зөвхөн Ц.Анандбазартай холбоотой асуудлыг хөндөөд зогсохгүй цаашид нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажиллахаар салбар баг болон ажиллаж байгаа. Тиймээс олон нийтийн сүлжээнд пост тавихаас хэтрэхгүй байна гэж бодож болохгүй. Уг хөдөлгөөн нь дэлхийн 85 улсад бэлгийн хүчирхийллийн эсрэг акц явуулдаг хөдөлгөөн. #metoomongolia нь үүний салбар хөдөлгөөн юм.
Ц.Анандбазарын ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх 40 гаруй эмэгтэй манай хөдөлгөөнтэй холбогдсон нь бүгд архивлагдсан байгаа. Гэвч УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь эдгээр хүмүүсээ хайж олох, өгсөн ярилцлага мэдүүлгээсээ буцаж ухар гэх, мөнгө амлах, гэр бүлд нь аюул заналхийлсэн гэх хүртэл явдал тохиолдоод байна. Бэлгийн дарамт үйлдээд зогсохгүй, гэрч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, гэр бүлд нь аюул заналхийлдэг энэ хүндээ зайлшгүй хариуцлага тооцохыг МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчин сонгуульд нэр дэвшихээ зарласан У.Хүрэлсүхэс шаардсан. Бидний шаардлагыг хүлээн авч, нийгэмд шударга ёс тогтоох ажлаа өөрийн нам дотроосоо эхэлнэ гэж итгэж байна” гэв.